"Гаднын иргэдэд газрыг 60 жилээр эзэмшүүлээд 40 жилээр сунгах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө" гэж ИЗНН-аас мэдээллээ

"Гаднын иргэдэд газрыг 60 жилээр эзэмшүүлээд 40 жилээр сунгах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө" гэж ИЗНН-аас мэдээллээ

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой өнөөдөр /2024.01.12/ мэдээлэл хийлээ.

ИЗНН дарга Б.Батбаатар, “ИЗНН үүсгэн байгуулагдсанаас хойш 24 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд шударга ёс, эрх чөлөө, байгаль орчин, иргэдийн сайн сайхны төлөө хатуу байр суурьтай байж ирсэн. ИЗНН нь өнгөрсөн сард хулгайчгүй нам байхаа тунхагласан. Эх орноо гэсэн иргэн болгоныг ИЗНН гэх тайзан дээр дуу хоолой хүргэхийг уриалж байна. Мөн УИХ-аар хэлэлцэж буй гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжихгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг зөв шударга эдийн засгийн орчин татдаг юм. Ч.Хүрэлбаатар сайдын оруулж ирсэн төслийг хардаж байгаа. Учир нь УИХ-аар гурван удаа буцаагдаж байсан төсөл" гэлээ.

Мөн ИЗНН даргын зөвлөх н.Амгалан, “ Гадаадын хөрөнгө оруулалтад яригдаж буй сэдвийн агуулгад хамааралгүй зүйлийг улс төрийн өнгө аястай болгосон. Магадгүй сонгууль дөхсөнтэй холбоотой байх. Хөрөнгө оруулалттай газрын асуудлыг хамааруулах нь буруу. Газрыг 60 жилээр эзэмшүүлээд 40 жилээр сунгах нь үндэсний аюулгүй байдлыг зөрчиж байна. Гадаадын иргэнд олон жилээр газар эзэмшүүлж болохгүй. Үүний оронд төрийн хүнд суртал, татварыг хөндөх хэрэгтэй. Төрийн бодлого шийдвэр тогтвортой байгаа эсэх нь хөрөнгө оруулагчдад маш их хамааралтай. Төгрөгийн гадаад валютын ханшийг тогтвортой байлгаж, хэлбэлзүүлэхгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хууль ярихдаа эдийн засагт өгөх үр өгөөж, ард түмний амьжиргаанд нөлөөлөх нөлөөллийг  ч мөн ярих ёстой” гэв.

О.ЭНХЗУЛ