БАРИМТ: Мөрдөгдөж буй хуулиас “100 жилээр газар эзэмшүүлнэ” гэснийг хассаныг Х.Баттулга мушгин “Гаднынханд 100 жилээр газар эзэмшүүлэх нь” хэмээн худал ярьжээ

БАРИМТ: Мөрдөгдөж буй хуулиас “100 жилээр газар эзэмшүүлнэ” гэснийг хассаныг Х.Баттулга мушгин “Гаднынханд 100 жилээр газар эзэмшүүлэх нь” хэмээн худал ярьжээ

Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар “цагаачид нөмөрнө” хэмээн попорч, эсэргүүцсэн бол, энэ долоо хоногт Ерөнхийлөгч асан Х.Баттулга “гаднынханд 100 жилээр газар эзэмших эрх нээгдэнэ” хэмээн эсэргүүцлээ.

Үнэндээ Ц.Даваасүрэн, Х.Баттулга нар Монгол Улсад хэрэгтэй зүйлийг эсэргүүцдэг тул манай улсыг нөлөөндөө байлгах гэсэн аль нэг улсын гар, хөл байж болзошгүй хэмээн зарим иргэд харддаг. Тухайлбал, Х.Баттулга нарийн царигийн төмөр замтай болбол “танк орж ирнэ” хэмээн ухуулга хийж, төмөр замын төслийг гацааж, улмаар түүнийг Ерөнхийлөгч болсны дараа бүдүүн царигтай “мухар” төмөр замтай болсон. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Багануурт цахилгаан станц барих, Англи хэлийг хуульчлах зэргийн эсэргүүцэж байв.

-“ГАЗАР ЭЗЭМШИНЭ” ГЭСЭН ЗААЛТЫГ ХАССАН БАЙХАД Х.БАТТУЛГА НАР “ГАДААДУУДЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ НЭЭГДЭНЭ” ХЭМЭЭН МУШГИЖ, ПОПУЛИЗМ ХИЙЖЭЭ-

Харин энэ долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Ц.Туваан нарыг Г.Занданшатартай уулзахад нь тэдэнтэй хамт УИХ-ын даргын өрөө рүү ороод гарч ирсэн Х.Баттулга төрийн ордонд, “хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай газар нутагт газар эзэмшээд гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал бий болно” хэмээн мэдэгдэл хийсэн.

ВИДЕО: 

Мөн “Ардчилсан намд Х.Баттулгын гар, хөл болж байгаа” гэх П.Галиндэв нарын залуучууд мэдээлэл хийж, “Энэ хууль батлагдвал гадаад иргэд монголд 100 жилээр газар эзэмших эрх нээгдэнэ” гэж мэдээлэл хийж, АН-ын Улс төрийн зөвлөлдөө ч шаардлага хүргүүлсэн юм. Улмаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ч, “Монгол хүн газар нутагтаа эзэн байх ёстой. Монголын малчид малаа хариулах газаргүй болж байна. Гадаадын нэг хөрөнгө оруулагч Монгол малчдыг газар нутгаасаа хөөх эрсдэл үүсэж байна” хэмээн Х.Баттулгыг даган популизм хийсэн юм.

Х.Баттулгын гэх тодотголтой АН-ын гишүүдийн гаргасан шаардлага

Х.Баттулга АН-ын дэд дарга, тус намын нийслэлийн намын хорооны даргад өөрийн хүмүүсээ дэвшүүлж, өдгөө тус намыг эдгээр хүмүүсээрээ дамжуулан удирдаж Л.Гантөмөрт ч шахалтыг үзүүлж эхэлсэн гэдэг. Тухайлбал, тэрбээр АН-ын дэд дарга О.Алтангэрэл, П.Галиндэв, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж гэсэн дөрвөн хүнийг санал болгож, тус албан тушаалд хүргэсэн гэдэг. Мөн Т.Батцогт гэх залууг нийслэлийн АН-ын даргад нэр дэвшүүлсэн бол, Б.Ган-очирыг тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн болгосон гэдэг. Харин эдгээр хүмүүс нь Х.Баттулгадаа үнэнчээ харуулж, “АН байр сууриа илэрхийл” хэмээн шаардлага хүргүүлсэн. Иймд АН-ын дарга Л.Гантөмөр ч яаран, сандран хуулийн төслийг уншихгүйгээр мэдээлэл гаргаж, “Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд бүxий xуулийн төслийг эсэргүүцэж байна” гэж мэдэгдсэн юм. 

Гэтэл үнэн хэрэгтэй, одоо мөрдөгдөж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хуулиас “эзэмшүүлнэ” гэсэн үгийг хассан хуулийн төслийг Х.Баттулга, А.Адъяасүрэн, П.Галиндэв нар мушгиж, худал мэдээлэл тараажээ.

Тодруулбал, одоо мөрдөгдөж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу. Товчхондоо, яг одоо мөрдөгдөж буй хуулиар бол “гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх” хуулийн зохицуулалт мөрдөгдөж байгаа гэсэн үг юм.  

Өнөөдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль

Харин Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн 16.1.1-д “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж оруулж, Х.Баттулга нарын яриад байгаа “эзэмшүүлнэ” гэсэн үгийг хассан байна. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Гэтэл Х.Баттулга, А.Адъяасүрэн, П.Галиндэв нар хуулийн төслийг мушгиж, “100 жилээр эзэмшүүлнэ” хэмээн худал зүйлийг ярьж, популизм хийжээ. 

Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд

-100 МЯНГАН АМ.ДОЛЛАР БАЙРШУУЛЖ, 100 ЖИЛЭЭР ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЗААЛТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙХАД Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ОРЖ ИРЭЭГҮЙ-

Одоо мөрдөгдөж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 3.1.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж заасан байна. Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тодруулбал, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар манайд хөрөнгө оруулах гэж буй гадаадын иргэн 100 мянган ам.долларыг арилжааны аль нэг банканд түр данс нээгээд байршуулна гэсэн үг. Харин Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд “100 мянган ам.доллар байршуулна” гэсэн заалтыг хассан байна. 

Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн 4.1.6-д “Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцаа, хөрөнгө, саналын эрхийн 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа компани, нөхөрлөлийг” гэж заажээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин хууль санаачлагчийн зүгээс энэхүү өөрчлөлтийг, “шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад шаарддаг 100 мянган ам.долларын хязгаарлалтыг байхгүй болгосон” гэсэн тайлбарыг өгсөн. Үнэн хэрэгтээ ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “саарал жагсаалт”-нд манай улс 2019 онд ороход арилжааны банканд түр данс нээх буюу 100 мянган ам.доллар байршуулах хуулийн зохицуулалт нөлөөлсөн байж болзошгүй байгаа. Харин өнөөдөр арилжааны банкнууд “түр данс” нээхээ бүр мөсөн зогсоосон тул гадаадын хөрөнгө оруулагчдад нэгэнт хэрэгжихгүй болсон түр дансанд 100 мянган ам.доллар байршуулах хуулийн зохицуулалт саад болж байх талтай байгаа юм.