СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хардалтын улмаас эхнэрээ хөнөөж, гурван хүүхдээ өнчрүүлсэн этгээдэд 18 жилийн хорих ял оноожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хардалтын улмаас эхнэрээ хөнөөж, гурван хүүхдээ өнчрүүлсэн этгээдэд 18 жилийн хорих ял оноожээ

Хардалтын улмаас эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн этгээдэд шүүхээс 18 жилийн хорих ял оноожээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух М.Б нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэрээ хардалтын улмаас зодож, онц хэрцгий аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амь насыг нь хөнөөсөн байна. Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгдэгч М.Б-д 18 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Учир нь хардалтын улмаас нэгнийхээ аминд хүрсэн гэр бүл нь бага насны гурван хүүхэдтэй байсан бөгөөд үүнийг харгалзан үзэж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Иймд аливаа асуудлыг хүчирхийллийн аргаар бус харилцан ярилцаж, ойлгож, шийдвэрлэх нь хэн нэгнийхээ амь нас, эрүүл мэндийг хохироож, үр хүүхдээ өнчрүүүлэхгүй байх гарц юм гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.