ЕС Л.Оюун-Эрдэнэ Япон, Сингапур, Герман, Солонгос, АНУ-д айлчилж, "тэнцвэртэй, олон талт гадаад бодлого" явуулжээ

ЕС Л.Оюун-Эрдэнэ Япон, Сингапур, Герман, Солонгос, АНУ-д айлчилж, "тэнцвэртэй, олон талт гадаад бодлого" явуулжээ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар байгуулагдаад 3 жил болж байна. Экспортын хувьд 100 хувь шахуу БНХАУ-аас хамааралтай, эрчим хүч болон шатахууны хувьд ОХУ-аас өндөр хамааралтай Монгол Улсын Засгийн газар энэ хугацаанд тэнцвэртэй, олон талт гадаад бодлого явуулсан гэж болно.

-ХӨШИГИЙН ХӨНДИЙД ШИНЭ ХОТТОЙ БОЛОХ АСУУДЛААР ЯПОН, СИНГАПУРТ АЙЛЧЛАХ ҮЕЭРЭЭ ЯРЬЖ, ЖУУЛЧИН ТАТАХААР ТУРШЛАГА СУДАЛЖЭЭ-

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны гадаад айлчлалаа манай гуравдагч хөрш Япон улс руу хийсэн. Цар тахлын хүндрэл арилаагүй, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан 2021 оны долоодугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны айлчлалаа Япон улс руу хийсэн юм. Тус айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Японы Ерөнхий сайд Ё.Сүга нар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийслэлийг тойрсон хурдны зам, Богдхан төмөр зам, нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон байдаг. 

Сингапур улс. 2022.07

Харин тус айлчлалын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж, “Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйтай холбогдуулан транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татах чиглэлд сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналыг илэрхийлсэн байдаг.

-ЦАХИЛГААНЫ ТӨСЛҮҮД ДЭЭР ГЕРМАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛЫГ ТАВЬЖ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ-

Европ дахь манай итгэлт түнш, гуравдагч хөршөө хэмээн үздэг Герман улсад  2022 оны аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчилсан. Тус айлчлалын үеэр “Их долоо”-ийн орнуудын Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Өмнөговьд баригдаж буй Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүд дээр ХБНГУ-тай хамтрахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүссэн байдаг. 

Мөн зэс боловсруулах үйлдвэр, Цахилгаан автомашин техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтсон байдаг. 

ХБНГУ. 2022.10

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц хамтарсан мэдээллийнхээ үеэр, “Бид ирэх оны зургаадугаар сард хоёр талын Засгийн газрын түвшний хамтарсан уулзалтыг хийж, цаашдын хагас зуун жилийн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвөө тодорхойлно. Эрчим хүчний асуудал гол байр суурь эзэлнэ. Нүүрснээс татгалзах, нар салхины эрчим хүчний хамтын ажиллагаагаа ахиулна. Хэн нэгнээс, аль нэг улсын хамаарлыг багасах шаардлага байна” гэж мэдэгдсэн юм. Сонирхуулахад, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохиож байна. Канцлер Олаф Шольц, “Хагас зуун жилийн хамтын ажиллагааны хүндэтгэлтэй, тэмдэглэлт ойгоор Монголд очихгүй бол болохгүй шүү дээ" гэж мэдэгдсэн байдаг.

-ХӨШИГИЙН ХӨНДИЙД ШИНЭ ХОТТОЙ БОЛОХОД БНСУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАМТАРСАН ТӨВ БАЙГУУЛАВ-

2023 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ уулзах үеэрээ, “Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урьсан юм. Солонгосын тал дагуул хот байгуулах монголын талын бодлогыг дэмжих зорилгоор БНСУ-ын “K-Сити нетворк” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод ухаалаг хот” төслийн үр дүнд үндэслэн төслийн цар хүрээг нэмэгдүүлэхээ илэрхийлсэн. Мөн Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх саналыг тавьж, Солонгосын тал судалж, хамтран ажиллахаар болсон.

БНСУ. 2023.02

Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгийн нөөцөөр  тэргүүлэх дэлхийн 10 орны нэгт тооцогддог бөгөөд Монгол Улсын байгалийн баялгийг БНСУ-ын ноу-хау, дэвшилтэт технологитой хослуулах замаар газрын ховор металлын салбарт тодорхой хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг нотолсон. Энэ хүрээнд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлд ховор металлын хайгуул, олборлолт, боловсруулах, экспортлох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын иргэд, түүний дотор БНСУ-ын иргэдийг визээс чөлөөлж, манай улсад зорчих таатай боломж бүрдүүлснийг энэ үеэрээ мэдэгдсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэх талаар БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар тогтсон юм.

-МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ УС, НАР, САЛХИАР ХАНГАХАД АНУ ТУСАЛЖ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛНЭ-

Мөн 2023 оны наймдугаар сард болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Агаарын тээврийн тухай хэлэлцээр”-ийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсон. Мөн Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбар /газрын ховор элемент/-т хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Харин энэхүү айлчлалын талаар АНУ-ын “Цагаан ордон”-оос гаргасан албан ёсны мэдээлэлд, “Хоёр тал ашигт малтмал, эрчим хүчний салбарт шинэ түншлэлийн харилцааг эхлүүлж байна. Ялангуяа АНУ, Монгол Улс чухал ашигт малтмал /газрын ховор элемент/-ын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, энэ салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна” гэсэн нь Монгол Улс уул уурхайн салбарт шинэ түнштэй болж байгааг илтгэсэн явдал юм. Харин манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг дэмжих замаар ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ АНУ-ын тал Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр илэрхийлсэн байдаг. 

Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон, Герман, Солонгос, АНУ-д хийсэн айлчлалын үеэр эдгээр орнууд “газрын ховор элемент”-ийг чиглэлд хамтран ажиллах саналаа илэрхийлсэн юм. “газрын ховор элемент” нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байгаа юм. Харин нөгөө талд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал бүрдээ “жуулчдыг монголд татах” яриа хэлэлцээрийг хийж явжээ. Үүний үр дүнд 2023 онд Монгол Улс анх удаа 650 мянга жуулчин хүлээн авч, 1 тэрбум ам.доллар олсон юм.