Б.Ганхуяг нарын шүүх хурал хаалттай хуралдаж байна

Б.Ганхуяг нарын шүүх хурал хаалттай хуралдаж байна

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.01.15/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:20 цагт эхэлсэн. 

Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00  цагт товлосон ч шүүгдэгч Б.Отгонжаргал эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг өнөөдөр болгон хойшлуулсан юм. Тэр хүртэл шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2023 оны есдүгээр сарын 28-ны өдөр товлосон. Гэм буруугийн шүүх хуралдаанаас хойш Б.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал 4 удаа хойшилсон юм. Б.Ганхуягийн өмгөөлөгч "Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан. Шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотолж чадаагүй учраас нотлох баримт шинжлэн судлуулна" гэв. Зарим шүүгдэгч нарын зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргав. Шүүх хуралдаан түр завсарлаж уг хүсэлтийг хянан хэлэлцэхээр боллоо.

Тэгвэл шүүх хурал хаалттай үргэлжлэхээр болсон байна.