ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

"Албан тушаалаа урвуулан ашигласан" гэх ИНЕГ-ын удирдлагуудад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сард /2023.09.15 /хэлэлцэж, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 20 саяар торгох ял оноож, дэд дарга асан Б.Алтанцоожийг цагаатгасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Л.Бямбасүрэн, Б.Алтанцоож нар нь Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн, ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхнасан өмнө нь дээрх дэмжлэг болгож 20 сая төгрөг авчихаад байхад 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгосон гэх хэрэгт холбогдсон байдаг юм. Мөн ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “агаарын харилцааны хэлэлцээр”-т энэ жил /2021 он/-д Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл ч тухайн үед гарч байсан билээ.