Согтуурсан үедээ бусдын биед халдаж, гар утсыг нь дээрэмджээ

Согтуурсан үедээ бусдын биед халдаж, гар утсыг нь дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед “Согтуу залуу мөргөж унагаад гар утас дээрэмдчихлээ” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 58 настай, эрэгтэй Б-н нүүрэн тус газарт үл таних хүн нэг удаа цохиж, Самсунг загварын гар утсыг нь дээрэмдэн зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, 40 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ дээрхи хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагааг хийж байна. Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/ "Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.