ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр шорон "олон хүн хорьсноороо шилдэг "Шилдэг хорих анги" болсон уу

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр шорон "олон хүн хорьсноороо шилдэг "Шилдэг хорих анги" болсон уу

УИХ-ын чуулганы өчигдөр /2024.01.17/-ийн хуралдаанаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлагдлаа. Ингэснээр иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог байдлыг халж байгаа юм.

Учир нь Нэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ-ын "Дур зоргоор саатуулах" асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэнийг онцолсон. Иймд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай" хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. Энэхүү өөрчлөлтийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа санаачлан, парламентаар батлуулсан. 

Тэгвэл хүний эрхийн зөрчил арилж буй таатай мэдээлэлтэй зэрэгцэн "Хурандаа Б.Нямгомбо даргатай Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги "Шилдэг хорих анги" болсон гэх цаг, үеэ олоогүй гэрэл зураг бүхий хачин мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан юм. Харин "Шилдэг хорих анги" гэх тодорхойлолт нь ямар шалгуураар өгсөн гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар ШШГЕГ-аас албан ёсны мэдээлэл ч гараагүй байна. Харин зарим иргэд "Олон хүн хорьсноороо шилдэг болдог юм болов уу" хэмээн хардаж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ.