Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг хэрэгжүүлэхээ мэдэгдээд төр, нийгмийн эсрэг чиглэсэн сөрөг нөлөөлөл, мэдээллийн эрсдлийг тооцохыг анхааруулжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг хэрэгжүүлэхээ мэдэгдээд төр, нийгмийн эсрэг чиглэсэн сөрөг нөлөөлөл, мэдээллийн эрсдлийг тооцохыг анхааруулжээ

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд тулгамдаж буй эрсдэл, сорилт ба удирдагчийн сэтгэлгээний өөрчлөлт” сэдвийн дор өргөтгөсөн хэлбэрээр өнгөрсөн өдрүүдэд болсон. Эл арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өгсөн юм.

Болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, төр, нийгмийн үйл ажиллагааг сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх цаг болсныг тэрбээр хэлсэн. .

Төр, нийгэм, иргэдийн эсрэг чиглэсэн мэдээлэл-сэтгэл зүйн сөрөг нөлөөлөл, цахим халдлагын аюул, эрсдэлийг байнга тооцож, үндэсний үнэт зүйл, эв нэгдлийг бэхжүүлэхэд үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх, албаны нэр хүнд, цэргийн цолны үнэлэмжийг дээшлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ мөн хэлжээ. 

Төрийн тусгай албаны гол хөдөлгөгч хүч болсон ахлагч нарын ажил, амьдралын орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, боловсрол, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, хүүхэд, залуучуудыг эх орноо батлан хамгаалах, аливаа гамшиг, ослын үед иргэний үүргээ гүйцэтгэхэд сургаж бэлтгэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов. Цэргийн албаны ач холбогдлыг нийгэмд сурталчлах, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх талаар дорвитой өөрчлөлт хийхийг чиглэл болголоо.