Төрийн албаны зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилох тохироог МАН хийсэн бол, Б.Пүрэвдагва "бие даан нэрээ дэвшүүлнэ" гэх мэдээлэл байна

Төрийн албаны зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилох тохироог МАН хийсэн бол, Б.Пүрэвдагва "бие даан нэрээ дэвшүүлнэ" гэх мэдээлэл байна

УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарыг чөлөөлж, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагвыг тэдний оронд томилсон томилсон билээ. 

Шинээр томилогдсон Төрийн албаны гишүүд одоогоор ажлаа хүлээж аваагүй байгаа аж. Тэд ирэх даваа гарагт буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр ажлаа авахаар болсон байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, ажлаа өгч буйтай холбоотойгоор түүний оронд буюу Төрийн албаны зөвлөлийн дарга хэн болох вэ гэх асуулт анхаарал татаж байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-аас нэр дэвшүүлж томилогдсон УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва нь Төрийн албан зөвлөлийн даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэх тухай яриа хэдийнээ чих дэлсэж эхэлжээ. Тодруулбал, тэрбээр өмнө нь Төрийн албаны зөвлөлд ажиллаж байсан. Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн Б.Баатарзоригийн оронд томилогдсон зэргээс хамаарч тус албан тушаалд томилогдож магадгүй байна. 

Гэхдээ МАН бодлогын хувьд Төрийн албаны зөвлөлийн даргаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг томилох тохироог хийгээд байгаа гэх мэдээлэл байгаа юм. Харин олон нийт түүнийг нэр дэвшүүлсэн цагаас эхлэн эсэргүүцэж байсан билээ. Тодруулбал,  түүнийг БШУЯ-нд ажиллаж байх хугацаандаа БЗС-гийн гэрээ, журам зөрчсөн. Эл хэргээрээ АТГ-т шалгагдаж байхад нь хариуцлага тооцохын оронд дэвшүүлж, Төрийн албаны зөвлөлд нэр дэвшүүлж байгаа нь шударга бус явдал хэмээж байсан юм. Энэ ч утгаараа Төрийн албаны зөвлөлийн дарга үл тохирно гэж үзэх хүн цөөнгүй байна. Ямартай ч Төрийн албаны зөвлөлийн даргад ТАЗ-ийн гишүүнээр шинээр томилогдсон гишүүд нэр дэвшиж, томилогдож магадгүй байна.