"МАН-ын нэр хүнд судалгаагаар 10 хувьд ч хүрэхгүй байгаа" тул бусад намуудтай эвсэж УИХ-ын сонгуульд орохоор бэлтгэж эхэлжээ

"МАН-ын нэр хүнд судалгаагаар 10 хувьд ч хүрэхгүй байгаа" тул бусад намуудтай эвсэж УИХ-ын сонгуульд орохоор бэлтгэж эхэлжээ

УИХ-ын сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдлээ. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Сонгуулийн ерөнхий хороо бүх бэлтгэлийг хангаж ажиллаж буй бол намууд, горилогчид дор бүрнээ ил, далд сурталчилгаагаа эхлүүлж, ялах тактикаа боловсруулж байна. 

-АЛЬ НАМТАЙ ЭВСЭХ, ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ ЗУРГИЙГ БААБАР ЗУРЖ БАЙНА-

Монгол Улс 2012 онд анхны холимог хэлбэрээр сонгуулийг зохион байгуулсан. Эдүгээ хоёр дахь удаагийн холимог хэлбэрийн сонгуулиа хийх гэж байна. Энэ удаагийн сонгууль онцлогтой. Тодруулбал, сонгуулийн үр дүнгээр 126 гишүүнтэй болно. Үүний 48 ийг жагсаалтаар оруулна. Тэгвэл энэ хэлбэрийг далимдуулан МАН зарим тактикийг боловсруулж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлэв.

Тус нам 3-4 намтай эвсэл болж сонгуульд оролцох хувилбарыг ярьж эхэлжээ. Хэдийгээр "Цагаан сар"-ын баярын дараа тодорхой шийдвэр гаргана гэж буй ч аль, аль намтай эвсэх, нэр дэвшигчдийг хэрхэн хуваарилах зэргийг нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр зураад тун завгүй байгаа аж.

МАН-ын ингэх шалтгаан нь дотооддоо хийсэн социологийн судалгааны үр дүнтэй нь холбоотой. Учир нь тус намын дотооддоо хийсэн судалгаагаар улсын хэмжээнд рейтинг нь 10 хувьд хүрэхгүй 8 хувийн  ойролцоо гарсан тул бусад намтай эвсэхээс өөр аргагүй гэдэг шийдэлд хүргэсэн байна.

-ЖАГСААЛТЫГ ДООРООС НЬ ЭХЭЛЖ ДУГУЙЛУУЛАХ ХУВИЛБАРЫГ ЯРИЛЦАЖ БАЙНА-

Мөн тэд жагсаалтыг доороос нь эрэмбэлэж дугуйлуулах хувилбарыг ярилцаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 48 хүн жагсаалтад бичихдээ 48 дугаараас эхэлж дугуйлуулах нь. Нэг төрлийн толгой эргүүлэхээр энэ хувилбарыг МАН Худалдаа аж, үйлдвэрийн даргыг сонгох сонгуулийг зохион байгуулахдаа ашиглажээ.

Тиймээс УИХ-ын сонгуульд ашиглахад боломжтой гэж үзсэн бөгөөд горилогчид 48-т жагсахын тулд намын даргаа тойлоод, мөнгө бариад гүйлдээд байгаа гэх.

МАН-ын жагсаалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хүмүүс хувааж оруулна. Нөгөө талд Л.Гантөмөр, Х.Баттулга, С.Баярцогт нар 48 хүнээ квотоор хувааж авч байгаа гэх. Гэхдээ нийт нэр дэвшигчдийн 30 хувийг эмэгтэйчүүд эзэлнэ. Хуулийн ийм зохицуулалттай.

Ингэхдээ эмэгтэй, эрэгтэй харьцаагаар сөөлжүүлэх бол жагсаалтын эхний тавд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмч нарын төлөөллийг багтаах юм. Эцэст нь, Монголын улс төрийн голлох хүчин, түүхийн он жилд хамгийн олон удаа эрх барьсан МАН бусад намтай эвсэх хүртлээ нэр хүнд нь унасан нь анхаарал татаж байна. Тэд ямар зохион байгуулалт хийж иргэдийн толгойг эргүүлэхийг мэдэхгүй ч энэ асуудлаар аль хэдийн ажил хэрэгтээ орсон нь тодорхой аж.