Мунзуй Г.Нямдорж, Б.Пүрэвжав нарыг бусдыг заналхийлсэн зүйл ангиар шалгаж байна

Мунзуй Г.Нямдорж, Б.Пүрэвжав нарыг бусдыг заналхийлсэн зүйл ангиар шалгаж байна

Энэ сарын 17-ны өдөр /2024.01.17/ "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг баривчилсан. 

Тэгвэл тэднийг Эрүүгийн хуулийн 13.5 /Заналхийлэх/, 17.6 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ зэрэг зүйл ангиар шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Г.Нямдорж нь найм, Б.Пүрэвжав нь дөрвөн удаа ял шийтгүүлж байсан бөгөөд захиалгаар бусдыг айлган, сүрдүүлдэг, заналхийлдэг байсан байгаа юм. Дээрх этгээдүүд нь баривчлагдахдаа хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй байна. 

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл нь Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 1-5 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл нь Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.