“Хөрөнгө оруулалт”-ын хуулийн төсөлд маргааныг зөвхөн “Олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ” гэсэнд “Салхитын орд”-ын автор Х.Баттулга эсэргүүцэв үү

“Хөрөнгө оруулалт”-ын хуулийн төсөлд маргааныг зөвхөн “Олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ” гэсэнд “Салхитын орд”-ын автор Х.Баттулга эсэргүүцэв үү

Гурван долоо хоногийн турш улс төрийн сэдэв болж, эцэст нь эсэргүүцэгчдийн таалалд нийцүүлэн  түр хойшлуулах шийдвэр гарсан тохиолдол тун ховор. Тэгвэл сүүлийн гурван долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалт тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нийгэмд шуугиан тарьж, олон хүн “Гадаад хүмүүс монголд 100 жилээр газар эзэмшиж, цагаачид нөмрөх гэж байхад нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар зогсоолоо” гэсэн ойлголттой үлдэж байх шиг байна. 

-ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ГАДААД ИРГЭД МОНГОЛД 100 ЖИЛЭЭР ГАЗАР ЭЗЭМШИХ БОЛОМЖГҮЙ БОЛНО-

Гэтэл үнэн хэрэгтэй “Гадаад иргэд монголд 100 жилээр газар эзэмших эрх нь одоо мөрдөгдөж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хуулиар нээлттэй байхад зарим улс төрчид яагаад, “хууль батлагдвал гаднынхан монголд 100 жилээр газар эзэмших эрх нээгдэнэ” хэмээн худал ярьж, төрийн ордны гадна жагсаал болон өргөжив гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, одоо мөрдөгдөж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Товчхондоо, гадаадын хөрөнгө оруулагчид монголд 100 жилээр газар эзэмших эрх нь одоо мөрдөгдөж буй хуулиар нээлттэй байгаа юм.

Харин “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16.1.1-д “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж тусгажээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Уг хуулийн төсөл батлагдвал гаднынхан монголд 100 жилээр газар эзэмших боломжгүй болно гэсэн үг. Иймд энэхүү хуулийн төслийг мушгиж буруу тайлбарлаж буй улс төрчдийн ард маш том эрх ашиг нуугдаж байж болзошгүй байгаа юм.

-ГАДААД ИРГЭДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛСАН “САЛХИТЫН ОРД”-ЫГ ТӨРД АВСАН АВТОР НЬ Х.БАТТУЛГА-

Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой 342 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гадаадын хөрөнгө оруулагч хохирсон 239 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаараа өнгөрөгч оны зургаадугаар сар /2023.06/-д Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн удаатай. Харин хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгаа гэв. 

Тухайлбал, “Монгол Улсын иргэн Э нь 2011-2023 онд Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ай Ти Жи Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа тус компанийн эзэмшилд авах газрын төлбөрт өгнө гэж Австрали Улсын нэр бүхий иргэнээс 8,9 сая ам.доллар буюу 12,0 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч завшсан” гэх хэрэг гээд Монгол Улсын иргэд гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон маш олон хэргийг дурдаж байгаа. Эдгээрт магадгүй “Салхитын орд”-ын асуудалд ч хамаарч болзошгүй. Учир нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани тус ордыг ашиглаж байсан ба 2018 онд буутай тусгай хүчнийхэнтэй Г.Занданшатар дарга очиж, улсын мэдэлд авсан юм.

Тодруулбал “Салхитын орд"-ыг төрд авах ажлын автор нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Технологийг хэрэгжүүлэгч нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа 2018 оны 12 дугаар сард тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулж Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний том орд болох Зүүн болон Салхитын ордын 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авсан. Улмаар тэтгэврийн зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад хувь хүртээх ажлыг хийж байв. Монголын ард түмний уухайн дуу, алга ташилтын дор хэрэгжсэн тусгай ажиллагаа нөгөө талаар монголд хөрөнгө оруулалт хийвэл төрд нь ийнхүү дээрэмдүүлнэ гэсэн таагүй мессежийг гаднынханд өгсөн байж магадгүй. Харин үүнээс хойш хэдийнээ таван жил өнгөрчээ.

-ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МАРГААНАА ЗӨВХӨН ОЛОН УЛСЫН ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛНЭ ГЭЖ ТУСГАЖЭЭ- 

Харин өнөөдөр “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төсөл нийгэмд маргаан дагуулж, үүний гол эсэргүүцэгчид нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхгүй хойшлуулсан хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар болоод байна. 

ВИДЕО:  УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдэл

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын эсэргүүцээд байгаа “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан маргааныг 6 сарын дотор хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй, талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг зохицуулах олон улсын төвийн арбитрын журмын дагуу шийдвэрлүүлж болно” гэж оруулжээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Товчхондоо,  хууль батлагдвал “Салхитын орд” зэрэгт хөрөнгө оруулсан гадаадын иргэд олон улсын арбитрын шүүхэд хандан шийдвэрлүүлнэ гэсэн үг.

Иймд “Салхитын орд”-ын асуудалд нэр холбогдох болсон Х.Баттулга, Г.Занданшатар нар төдийгүй хөрөнгө оруулагчдыг хохироосон гэх бусад хүмүүс олон улсын арбитрын шүүхээс болгоомжилж “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийг эсэргүүцээд байж болзошгүй. Харин одоо мөрдөгдөж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 6.9-д “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулагч нь төрийн байгууллагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу гадаадын, эсхүл дотоодын арбитрыг томилон шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заажээ.

Сонирхуулахад, манай улсад маргааныг шүүхээр шийдвэрлэж байгаа дундаж хугацаа зургаан жил, харин арбитр дээр хэрэг маргааныг шийдвэрлэх дундаж хугацаа зургаан сар гэдэг. Товчхондоо, арбитраар маргаан шийдвэрлүүлэх нь цаг хугацааны хувьд шуурхай, гарсан шийдвэр нь эцсийнх бөгөөд дэлхийн 170 орчим улсад хүлээн зөвшөөрч биелэгддэг. Цаашид хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг тэгш, хүртээмжтэй хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол аливаа маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийг хугацаа алдахгүй гүйцэтгүүлэх явдал юм.