Төмөр замын Улаанбаатар өртөөнөөс Амгалан өртөө явах замд машин болон явган хүний нүхэн гарц барих гэж байна.
Үүнтэй холбогдуулан 5 дугаар сарын 17 болон 24-ний өдрийн 09:20-21:20 цагийн хооронд аялах 276/34, 286/285 дугаар зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь өөрчлөгджээ. Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34 дүгээр галт тэргийг нэгтгэн, Улаанбаатараас 21:40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09:33 цагт хүрнэ. Замын-Үүд өртөөнөөс 682 дугаар галт тэрэг 11:00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11:25 цагт очно. 286/285 дугаар галт тэрэг Улаанбаатар-Сайншанд чиглэлд Улаанбаатараас 21:55 цагт хөдөлж, Сайншандад 08:30 цагт хүрнэ.