БАРИМТ: "Бүлэглэлийн шүүхээр хэрэг нь цагаадсан" гэх Х.Ганхуягийн ээжийн компани "ХБ-ны зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй" болохыг шүүх тэмдэглэжээ

БАРИМТ: "Бүлэглэлийн шүүхээр хэрэг нь цагаадсан" гэх Х.Ганхуягийн ээжийн компани "ХБ-ны зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй" болохыг шүүх тэмдэглэжээ

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбоотой мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох 33 тэрбумын хэрэг "Бүлэглэлийн шүүхээр орж цагаадсан" уу, давж заалдах шатны шүүхийн магадлалд анхаарал татсан зүйлс дурдагдав уу гэдгийг онцолж байна. 

ВИДЕО: 

-"Х.ГАНХУЯГ, Г.АМАРТҮВШИН НАРЫН ХБ-НЫ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ, Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЛИЙГ ҮР ДҮНГҮЙ БОЛГОЛОО"-  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр "УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох Хөгжлийн банкны хэрэг бүлэглэлийн шүүхээр орж, хэрэг нь цагаадсан" гэдгийг онцолсон байдаг.  Тодруулбал,  тус нэвтрүүлэгт "Монгол Улсын шүүх засаглалд үүрлэсэн бүлэглэлийн шүүгчид МАН-ын Бага хурлын өмнөх өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, ХҮН намын дэд дарга Б.Найдлаа нарын 27 хүнийг цагаатгах шийдвэр гаргаснаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг тэмцлийг үр дүнгүй болгож, авлигатай тэмцэх тэмцэл бүлэглэлийн шүүхийн өмнө дахин хүчин мөхсөдлөө" гэдгийг тодотгосон байдаг. 

-"33 ТЭРБУМ"-ЫН ГЭХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ-

Хөгжлийн банкны гэх хэрэг сөхөгдөж байхад Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох 33 тэрбумын хэрэг олны анхаарал татаж, Нийслэлийн прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 37 хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ Х.Ганхуяг нь Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь өөрийн хамаарал бүхий буюу төрсөн эгч Х.Хашчимэгийнхээ “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн хэмээн буруутгаж, түүнд Эрүүгийн хуулийн дагуу нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр төлөвлөөд байсан юм. 

Гэсэн ч 47 хоногийн турш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсэн “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хэрэгсэхгүй болгосон хэргийн дунд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох 33 тэрбумын хэрэг багтсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл Х.Ганхуяг нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны даргад нөлөөлж, төрсөн эгч Х.Хашчимэгийнхээ “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан гэх хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон юм. 

“Вертекс майнинг партнер” ХХК ХБ-наас 3 дуаагийн гүйлгээгээр 33 тэрбумын зээл авчээ

-Х.ГАНХУЯГИЙН ЭГЧИЙН ТОЛГОЙЛДОГ КОМПАНИ ХБ-НААС АВСАН ЗЭЭЛИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛААГҮЙ БАЙНА- 

Харин уг шийдвэрийг прокуророос эсэргүүцэж, улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандснаар уг хэргийг тус шүүх хэлэлцсэн. Гэсэн ч давахын шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Ингэхдээ "Шүүгдэгч Х.Ганхуяг дээрх зээлийн үйл ажиллагаанд хууль зөрчин хамтран оролцсон гэж үзэх объектив хамаарлын асуудлыг бүрэн нотлоогүй байна" гэж Давж заалдах шатны шүүх үзсэн байна. 

Хамгийн ноцтой нь тус шүүхээс “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарим хэсгийг зориулалтын бусаар зарцуулсанд хамаарах үйл баримт байхад бусад “гэмт хэргийн шинж” агуулсан эсэх талаар дүгнэхгүй орхигдуулсан байгааг тэмдэглэжээ. Мөн Хөгжлийн банкны гэх зарим шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргээс бусад зөрчлийн шинж агуулсан эсэх нь жич шийдвэрлэгдэх асуудалд хамаарна гэдгийг тодотгосон байх аж.

Хөгжлийн банкны гэх хэргийн давах заалдах шатны шүүхийн магадлал

Түүнчлэн тус хэргийн гэрч Н.Б нь уг зээл гурван эрсдэлтэй гэж харж байсан талаар мэдүүлсэн байна. Тэрбээр, 

  1. “Вертекс майнинг партнер” ХХК нь БНХАУ-тай нүүрс борлуулах гэрээг нэг жилийн хугацаатай хийдэг, мөн тус улс нь нүүрсний эдийн засгийг хумих ногоон эдийн засаг бодлого баримталж байгаа,
  2. “Вертекс майнинг партнер” ХХК-ийн “-” ХХК-тай байгуулсан гэрээ нь 1.6 жилийн хугацаатай бид нарын өгөх гэж байгаа зээл нь 3 жилийн хугацаатай байна, цаашид сунгагдах эсэх нь эргэлзээтэй,
  3. Барьцаанд авах хөрөнгийн нэлээдгүй хувь нь хөдлөх хөрөнгө байна гэж үзсэн, өөрөөр хэлбэл би дээрх 3 эрсдэл үгүй болбол дэмжих байсан тэгсэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин уг зээлийн асуудал хурлаар хэлэлцэгдсэн өмнөх хуралд дурдагдсан гурван эрсдэл арилаагүй байсан учраас миний хувьд тус төсөлд зээл олгохыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж татгалзсан...” хэмээн мэдүүлж байжээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Х.Ганхуяг нь өөрийн үүсгэн байгуулсан "Глобал Майнинг Сервис" ХХК-аар дамжуулан хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 98 хувийг эзэмшиж, “Вертекс майнинг партнер” ХХК-нд "Энержи Ресурс" ХХК-ийн "Ухаа худаг" уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, зээлийн удирдлагын хорооны дарга Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлж, улмаар Г.Амартүвшин нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Х.Ганхуягийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хэрэгжүүлж буй "Энержи Ресурс" ХХК-ийн "Ухаа худаг" уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор,

“Вертекс майнинг партнер” ХХК-ийн Хөгжлийн банканд барьцаалсан 33.1 тэрбум төгрөгийн барьцааны хөрөнгөөс 29.6 тэрбум төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажиж, 3.4 тэрбум төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй байхад 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн хооронд нийт гурван удаагийн гүйлгээгээр 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг бүрэн олгож, “Вертекс майнинг партнер” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 33 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг юм.