ТОДРУУЛГА: Гадаадын жуулчин зодуулсан гэдэг нь худлаа, хээр гэдэс нь өвдчихсөн явж байхад нь эмнэлэгийн тусламж үзүүлж, хот руу буцаасан

ТОДРУУЛГА: Гадаадын жуулчин зодуулсан гэдэг нь худлаа, хээр гэдэс нь өвдчихсөн явж байхад нь эмнэлэгийн тусламж үзүүлж, хот руу буцаасан

Франц-Канадын иргэн Томас Гарон да Силва унадаг дугуйгаар Торгоны зам дагуу аялах аяллаа Монголын нийслэл Улаанбаатар хотоос өнгөрсөн хавар эхлүүлсэн байна. Гэвч тэрбээр Улаанбаатараас гарч 200 км явсныхаа дараа Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн иргэнд зодуулж, хүнд бэртсэний улмаас тус аяллаа зогсоосон талаар өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.

Тодруулбал, Томас Гарон да Силва нь дөрөвдүгээр сарын 29-нд халдлагад өртсөнийхөө дараа сумын төвд гурав хоног хэвтсэн ч бие нь сайжраагүй тул Улаанбаатарын эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр эмч нарын зөвлөсний дагуу сайтар бодсоны эцэст Торгоны замын аяллаа хойшлуулж, Канад руу буцахаар болсон гэжээ.

Бид энэ талаар Төв аймгийн Өндөрширээт сумын цагдаагийн алба хаагч н.Эрдэнэбаяраас тодруулахад "Манай суманд гадаадын жуулчин зодуулж гэмтсэн талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. Тухайн гадаадын иргэний гэдэс нь өвдөж сумын эмнэлэгээс тусламж, үйлчилгээ авч байгаад Улаанбаатар явсан гэх мэдээлэл л бидэнд ирсэн гэв.

Харин Өндөрширээт сумын ЭМТ-ийн дарга н.Мягмарсүрэнтэй холбогдоход "Харин ийм худал ташаа мэдээлэл хэвлэлүүдээр яваад байна. Хүн ноцтой зодуулж гэмтээд ирсэн бол бид хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад л мэдэгдэх ёстой. Гэтэл тухайн гадаадын иргэн хүнд зодуулж гэмтсэн ямар ч шинж тэмдэггүй, ил харагдах шарх сорвигүй байсан. Тэр хүн ганцаараа явж байгаад хордлогын шинж тэмдэг илэрч, гэдэс нь муу байхад нь манай сумын иргэн таарч, бидэнд дуудлага өгсөн юм. Ингээд бид эмнэлэгийн машинаараа яаралтай авчирч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Гурав хоног эмнэлэгийн үйлчилгээ авч байгаад бүр өөрсдийн машинаар Улаанбаатар хүргэж өгсөн. Бидэнд талархсан сэтгэлээр хандах байх гэж бодтол ийм мэдээлэл хараад үнэхээр их гайхлаа. Эмнэлэгт хүргэгдэж ирчихээд дугуйндаа санаа зовоод байна гэхээр нь бид дугуйг нь хүртэл авчирж өгсөн. Биеийн байдал маш хүнд байсан гэсэн мэдээлэл худлаа. Сайжраад Улаанбаатар хот явсан шүү дээ. Бид сүүлдээ гайхаад эмнэлэгт зүгээр явж байсан бичлэгийг нь цагдаад гаргаж өгөх гээд байж байна" гэсэн мэдээлэл өглөө.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ