ШУУРХАЙ: Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер ойрын хугацаанд Монгол Улсад айлчлах гэж байна

ШУУРХАЙ: Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер ойрын хугацаанд Монгол Улсад айлчлах гэж байна

ХБНГУ-ын Xолбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ойрын хугацаанд манай улсад айлчлах гэж байна. Айлчлалын тов албан ёсоор зарлагдаагүй ч ирэх хоёр долоо хоногт багтаж болох талаар эх сурвалж мэдээллээ. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохиож буйтай холбогдуулан тэрбээр ийнхүү айлчилж байгаа аж. 

Айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  ХБНГУ-ын Xолбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж магадгүй байгаа юм.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын талтай ярилцаж магадгүй. Мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцох магадлалтай. 

Франк-Вальтер Штайнмайер нь 2017 оноос хойш ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Xолбооны Ерөнхийлөгч нь тус улсын улс төрийн системийн өдөр тутмын ажилд огт оролцдоггүй.

Хэдийгээр ингэж оролцох эрхийг нь үндсэн хуулиар нь хориглосон заалт байхгүй ч, Германы төрийн тэргүүд уламжлалаа даган улс төрийн бодлогын хэрэгт оролцдоггүй байна. Германд төрийг удирдах дээд эрх нь Холбооны канцлер (эсвэл Холбооны канцлер хатагтай) болон Холбооны Их Хуралд байна. Ерөнхийлөгчийн алба буюу Ерөнхийлөгчийн Тамгын газар нь зөвхөн ёслолын ажлаар хязгаарлагдахгүй, харин улс төрийн хэрэгт оролцох эрх, үүрэгтэй. Ерөнхийлөгчийн албаны эрхлэх үйлийг үндсэн хуулиар зааж өгсөн байна. Үүнийг хэрэгжүүлэх эсэхээ xолбооны Ерөнхийлөгч нь бие даан шийдэх ба үүнтэй холбоотойгоор түүнд өөрийнхөө саналыг илэрхийлэх эрх нь бас бий. ХБНГУ-ын төрийн өндөр дээд тушаалтнуудаас Ангела Меркель 2011, 2016 онд тус, тус манай улсад ирж байсан. Үүнээс хойш тус улсаас өндөр дээд албан тушаалтан ирээгүй байна.