ШУУРХАЙ: Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд, ЗГ-т кабинетаар ажиллахгүй байгаа сайд нарт хариуцлага тооцохыг шаардан МАН-ын “Ард түмний хүч”-ээс өнөөдөр гарын үсэг зуруулахаар болжээ

ШУУРХАЙ: Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд, ЗГ-т кабинетаар ажиллахгүй байгаа сайд нарт хариуцлага тооцохыг шаардан МАН-ын “Ард түмний хүч”-ээс өнөөдөр гарын үсэг зуруулахаар болжээ

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2021 оны арван хоёрдугаар сар /2021.12/-д МАН-ын XXX Их хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар батламжилснаас гадна авлигатай тэмцэх тогтоол баталсан байдаг. Ингэхдээ МАН-ын Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, “авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг намаасаа хасах” заалтыг оруулж баталсан.

Товчхондоо,  авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг МАН-аас хасах дүрэмтэй болсон. Харин энэ хугацаанд МАН-ын зарим гишүүд Боловсролын зээлийн сан,  Хөгжлийн банк, “Нүүрсний” хэрэг зэрэгт нэр холбогдсон ч тэднийг намаас нь хөөх арга хэмжээ аваагүй. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонссон ч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй тул одоогоор цагдан хоригдоогүй байгаа юм. Харин түүнийг МАН-аас хассан гэх мэдээлэл гараагүй. Мөн нүүрсний хэргээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар шүүгдэж байгаа ч, мөн л тэднийг МАН-ын гишүүнчлэлээс нь хасаагүй. Улмаар Боловсролын сангийн зээлийн асуудалд Б.Энхбаяр, С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын Засгийн газрын зарим гишүүд ч нэр холбогдсон. Мөн Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат нар ч нэр холбогдсон. Харин эдгээр хүмүүс МАН-ын дүрэмд заасны дагуу арга хэмжээ аваагүй.

Тэгвэл өнөөдөр /2024.01.23/ 09:30 цагаас эхлэн МАН-ын төв байр “Тусгаар тогтнолын ордон”-ы нэгдүгээр давхарт МАН-ын гишүүд, дэмжигчдийн “Ард түмний хүч” холбооноос “Боловсролын сангийн зээл, Хөгжлийн банк, Нүүрс хэрэг” зэрэгт нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох, мөн Засгийн газарт кабинетын зарчмаар ажиллахгүй байгаа нэр бүхий гишүүддээ хариуцлага тооцохыг шаардсан гарын үсгийг цуглуулахаар болсон байна. 

Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар эсэргүүцсэн юм. 

Энэхүү гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа өнөөдөр орой 18:00 цаг хүртэл үргэлжлэх ба үүний дараа иргэдийн гарын үсгийг МАН-ын Хяналтын хороонд гардуулж, зарим гишүүддээ хариуцлага тооцохыг шаардах аж. Сонирхуулахад, МАН-ын гишүүд, дэмжигчдийн “Ард түмний хүч” холбоог Одончимэг агсны хүү Одбаяр, Шилэн цогоо буюу Б.Цогтгэрэл, Дундговийн МАН-ын хорооны Б.Амарсанаа нар удирддаг байна. Товчхондоо, өнөөдөр болох гарын үсэг цуглуулах ажлыг тэд зохион байгуулж байгаа бололтой.