АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа зарим дэд дарга нараа дагуулж, Хятадад аялахаар явжээ

АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа зарим дэд дарга нараа дагуулж, Хятадад аялахаар явжээ

Ирэх зургаадугаар сар /2024.06/-д УИХ-ын ээлжит сонгууль болж, парламентад 126 гишүүн сонгогдоно. Иймд улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхжиж, хэнийг аль тойрогт нэр дэвшүүлэх, хэнтэй хамтарч сонгуульд оролцох гээд яриа хэлэлцээрүүдээ хийж байна. 

Тухайлбал, өнгөрөгч Бямба гараг /2024.01.20/-т АН-ын Улс төрийн зөвлөл "Тэрэлж"-д байх нэгэн амралтын газар цуглан, хуралдсан байна. Тус хурлаар УИХ-ын 2024 оны сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөрт санал авах, нэр дэвшигчдэд зориулсан журмаа баталсан байгаа юм.

Мөн өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй удирдлагуудын гаргасан автомашин унахыг нь хязгаарлаж, нийтийн тээврийн чиглэлийг өөрчилсөн нь олон хүмүүсийн бухимдлыг төрүүлж байгаагийн зэрэгцээ ХҮН зэрэг улс төрийн намууд ч эсэргүүцэн мэдэгдэл хийж эхлээд байна.

Гэтэл энэ бүхэн дээр АН-ын байр суурь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр зарим дэд дарга нараа дагуулан БНХАУ-д яваа аж. Энэ талаар Хятадын мэдээллийн сувагт, "Энэ сарын 22-нд Хятадын коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын сайд Лю Жяньчао Бээжин хотноо Монголын Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа" гэж мэдээлжээ.