Жолоодож эрхээ хасуулсан 96 хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргажээ

Жолоодож эрхээ хасуулсан 96 хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргажээ

УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ сарын нэгнээс мөрдөж эхэлсэн билээ.

Тэгвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 хоногийн хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 01-16-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 729 зөрчил улсын хэмжээнд гарчээ. Үүнээс өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 96 бүртгэгдсэн байна. Энэ 96 хүнд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй аж.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулжээ.