ШУУРХАЙ: Улаанбаатарт химийн үнэр тархаасан компанийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ШУУРХАЙ: Улаанбаатарт химийн үнэр тархаасан компанийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Нийслэлийн зарим дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 13-ны өдөр /2023.10.13/ газ мэт үл мэдэх зүйл үнэртсэн нь олны анхаарлыг татсан.

Улмаар мэргэжлийн байгууллагууд нь ажиллаж, Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” гэх компанийн эр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн байдаг.

Тэгвэл эл хэрэгт холбоотойгоор "Эко стандарт петролиум" ХХК-ийг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйл буюу "Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях" хэсэг зүйл ангиар буруутган, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Өдгөө тус хэргийг Экологийн цагдаагийн алба шалгаж байгаа юм байна. 

Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях

1.Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан; хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

2.2.их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хоёр зуун мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.