ВИДЕО: 16.7 сая ам.долларын санхүүжилттэй төслийн хүрээнд оффис нь түрүүлж баригдаад, үйлдвэрийн тоног төхөөрөмж нь гадаа хөсөр хаягджээ

ВИДЕО: 16.7 сая ам.долларын санхүүжилттэй төслийн хүрээнд оффис нь түрүүлж баригдаад, үйлдвэрийн тоног төхөөрөмж нь гадаа хөсөр хаягджээ

Манай улсад гаднын зээл тусламжаар олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч үр дүн нь гарч, ард иргэдэд хүрдэггүй гэх шүүмжлэлд өртдөг. Тэгвэл үүний нэгэн жишээ болсон Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл 2019 онд эхэлсэн ч өнөөг хүртэл хэрэгжиж эхлээгүй, төслийн хүрээнд тоног төхөөрөмж нь нийлүүлэгдсэн ч барилга нь баригдаагүй, тоног төхөөрөмж нь хөсөр хаягдаад байгааг гэх мэдээллийн мөрөөр бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО:

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд хог хаягдлын ландфит байгуулж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахаар болсон байдаг. Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болох 16.7 сая долларын санхүүжилтээр хийгдэхээр төлөвлөгдсөн уг төслийн ажил 2019 онд эхэлж, үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн ч барилга нь баригдаагүй тоног төхөөрөмж нь хөсөр хаягджээ. 

Төслийн хүрээнд хоёр давхар болон нэг давхар хоёр барилга байгууламж барихаар 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр барилга барих А зөвшөөрлөө авсан байх аж. Тус барилгын ажлыг 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх хугацааг олгожээ. Гэвч өнөөдөр төслийн хүрээнд хоёр давхар оффисын барилга, төмөр болон бетонон хашаа зэргээс өөр үйлдвэрийн барилга гэх зүйл баригдаагүй байна.  Үүнийг албаны хүн тайлбарлахдаа "Төсөл зогсоогүй. Ирэх зургаадугаар сар гэхэд үйлдвэр бүрэн ажиллаж эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө дуусаж байгаа. Төслийн хүрээнд хоёр давхар оффисын барилга баригдсан. Яг үйлдвэрийн барилга гэх барилга баригдахгүй" гэдгийг тодотгосон юм. 

Тэгвэл барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилгын зураг төслийг "Тоонто гранд" ХХК хийхээр зөвшөөрөл авсан бол барилгын ажлын гүйцэтгэгчээр "Эм Ти Юу" ХХК ажиллаж байгаа аж. 

"Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх" төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэн, хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлнэ. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (CO2)-н хэмжээг 18 мянган тонноор бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах боломжийг бүрдүүлнэ гэдгийг төслийг анх хэлэлцэх үеэр тухайн үед буюу 2018 онд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолж байжээ.

Ямартай ч ийнхүү сүржин тайлбар, мэдэгдэлтэйгээр эхэлж байсан дээрх төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаас үзэхэд төслийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн нь эргэлзээ төрүүлж байгааг энд нуух юун.