LIVE: "Байгалийн хий тээвэрлэж явсан автомашин давхар эргэлт хийж, суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт үүссэн байна" гэж ОБЕГ-аас мэдэгдлээ

LIVE: "Байгалийн хий тээвэрлэж явсан автомашин давхар эргэлт хийж, суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт үүссэн байна" гэж ОБЕГ-аас мэдэгдлээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, ойр орчимд нь гал тархан гурван хүн амь насаа алдсан ноцтой осол өнгөрсөн шөнө /2024.01.24/ гарсан. 

ВИДЕО: 

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Онцгой байдлын ерөнхий газрын Г.Ариунбуян " Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу "Их Монгол" хороолол, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт байгалийн шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж явсан машин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал дэгдсэн гэх дуудлагыг нэгдүгээр сарын 24-ны өдрийн 01.06 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын нийслэл дэхь 13 анги, Үндэсний аврах бригадын 11 анги салбарын 200 гаруй алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр галын голомтын тархалтыг зогсоох, ард түмний аюулгүй байдлыг хангаж нүүлгэн шилжүүлэх хор уршгийг арилгах арга хэмжээг авч ажиллалаа. 

Энэ явцад уулзварын зүүн урд байрлах Эдү апартмент хотхоны 207 байр, Глобал интернэшнл сургууль болон уулзварын баруун талын Sunny town хотхонд галын голомт дэлгэрсэн. Гал түймэрт өртөж байсан обьектуудад гарсан галыг унтраах ажлыг шуурхай зохион байгуулж, 3.15 минут ажиллаж, галын тархалтыг 04.30 минутад бүрэн унтраасан. Уг ажиллагаанд 100 гаруй техник хэрэгсэлтэйгээр 600 гаруй алба хаагч газар дээр нь ажиллалаа. Шадар сайд С.Амарсайхан, УОК газар дээр нь нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан. Мөн галд өртөж байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулсан. Эдү апартментэд байсан 30 иргэн буюу 13 том хүн, 17 хүүхдийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн. Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яамнаас тухайн иргэдийг амьжиргааг дэмжих, буцалтгүй тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч байна. 

Тухайн галд гурван иргэн амь насаа алдсан. Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн хийхдээ зай талбайг анзаарахгүй давхар хий эргэлт хийж суудлын автомашинтай мөргөлдсөн.

Үүнээс болж галын дэлбэрэлт үүссэн. Дэлбэрэлтийн улмаас манай онцгой байдлын газрын Баянзүрх дүүрэг дэхь 63 дугаар ангийн гурван албан хаагч 40 метрийн зайд шидэгдэж харамсалтайгаар амь насаа алдлаа.

Алба хаагчдынхаа ар гэр, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас уг хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.