Г.Баасан: Монголын газарт хөрөнгө оруулсан гадаад иргэдийн талаар нээлттэй сонсгол явуулахыг УИХ-аас шаардаж байна

Г.Баасан: Монголын газарт хөрөнгө оруулсан гадаад иргэдийн талаар нээлттэй сонсгол явуулахыг УИХ-аас шаардаж байна

Бүлэглэлд зориулсан хууль батлахыг ахмадууд эсэргүүцэж байгаа талаар өнөөдөр /2024.01.29/ мэдээлэл хийлээ.

Г.Баасан, "Газар, газрын хэвлийн баялгийг гадаад иргэдэд эзэмшүүлэх, ашиглуулах нь буруу гэж таван жилийн өмнөөс ахмадууд тэмцсээр ирсэн. Монголын газрын хэвлийн баялгийг иргэдийн хараа хяналтаас гадуур хорин жил ашиглалаа. Үүний үр дүнд Монголчууд өөрсдөө маш их ядуурч, бүх баялаг нь харийнхны гарт орсон. Газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс төрийг авлигажуулж, өөрсдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг болсон. Үүний тод илрэл бол 2023 оны хавар намрын чуулганаар орж ирж буй хөрөнгө оруулалтын тухай хууль байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэх 1993 онд батлагдсан хуульд 60+40 жилээр газрыг эзэмшүүлдэг байсан бол одоо “Хөрөнгө оруулалтын хууль” гэж нэрлээд “Гадаадын” гэдэг үгийг нь хассан байгаа юм. Иймд Монголын байгалийн баялгийг эзэмшсэн, ашигласан бүлэглэлүүд цаасны хэлбэрээр эх оронд минь халдлага үйлдэж эхэллээ. Ахмадууд бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Эх орноо хамгаалж, үр хойчдоо өвлүүлж үлдээх үүргийг бид хүлээсэн. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Тиймээс бид УИХ-д шаардлага хүргүүлж байгаа юм. Бидний шаардлагын гол зорилго нь 1993 оноос 2023 оны хоорондох 30 жилийн хугацаанд Монгол Улсад ямар хэмжээний хөрөнгө оруулалт аль улаас орж ирсэн талаар нийтийн сонсгол зохион байгуулахыг хүсэж байгаа юм. Газар бол улсын үндэс байхад газарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь гэмт хэрэг. Тэр дундаа ашиглах, өмчлүүлэх гэдэг нь Монголчуудын газрын баялгийг дээрэмдэх гэж байгаа хэлбэр" гэлээ.