Н.Энхбаяртай нийлж ЗГ-т хамтраад, дараа нь АН-д нэгдэж, татан буугдсан М.Энхсайханы МҮАН одоо Н.Номтойбаяртай эвсэж байна

Н.Энхбаяртай нийлж ЗГ-т хамтраад, дараа нь АН-д нэгдэж, татан буугдсан М.Энхсайханы МҮАН одоо Н.Номтойбаяртай эвсэж байна

Улсын дээд шүүхийн “Улсын төрийн намын бүртгэл”-д эхний гуравдугаарт бичигддэг Монголын ногоон нам /МНН/ болон 13 дугаарт бичигддэг М.Энхсайханы гэх тодотголтой Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ хамтарч “Үндэсний эвсэл” нэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд орохоор болж, эвслийн даргаар нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр сонгогдоод байна. Шүүхээс ял сонсож, биеэр эдлээд гарч ирсэн Н.Номтойбаярыг улс төрд “эргэн эрэлт” хийж байна гэх хүмүүс ч олон байна.

МНН, МҮАН-ууд эвсэж, даргаараа Н.Номтойбаярыг сонгожээ. 2024.01

-УДШ-ИЙН БҮРТГЭЛИЙН ГУРАВДУГААРТ БИЧИГДДЭГ “НОГООН НАМ” СОНГУУЛИЙН ӨМНӨ ҮНЭД ХҮРДЭГ-

МНН бол сонгууль болгоны өмнө л “олон тэрбум төгрөгийн үнэд хүрч гэнэ” гэх ярианд өртдөг О.Бум-Ялагч гэх ганц дарга, бараг нэг гишүүнтэй нам гээд хэлчхэж болох байх. Тодруулбал, тус нам 1990 оны тавдугаар сард БНМАУ-ын Дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн коллегийн хурлын 06 дугаар тогтоолоор анх бүртгэгдсэн тул үүсгэн байгуулагдсан огноо нь энэ намыг Улсын дээд шүүхийн бүртгэлд эхний гуравдугаарт бичүүлдэг. Ингээд саналын хуудаст тус намын нэр дэвшигчид МАН, АН-ын дараа бичигдэнэ гэдгээрээ “их үнэнд хүрсэн” гэх ярианд өртдөг байж магадгүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшиж байсан Д.Энхбат МНН-ын даргаар ажиллаж байхад олон хүн тус намыг тойрч байв. Харин МНН-ын даргаар О.Бум-Ялагч 2012 оноос эхлэн ажиллах болсноор тус нам буцаад “жижиг нам”-ын эгнээнд шилжсэн.

Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ч Монголын ардчилсан холбоо /МоАХ/ фракцын хүмүүсээ дагуулан АН-аас гарч МНН-ыг аваад “Монголын ардчилсан холбоо эвсэл”-ээр 2024 оны сонгуульд оролцоно гэх яриа ч гарч байв. Харин өдгөө АН-ын бүх шатанд Х.Баттулга өөрийн төлөөний хүмүүсээ хангалттай байршуулсан тул түүнд МНН хэрэггүй болсон. Энэ бүхнээс харахад мөнгөтэй, улс төрөөс явж өгдөггүй хэсгийн “эргэн эрэлт” хийдэг гол цэг бол “Улсын төрийн намын бүртгэл”-д эхний гуравдугаарт бичигдэж буй Монголын ногоон нам. Тухайлбал, МАХН-ынхан Монголын Ногоон намтай хамтарч УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох санамж бичигт гарын үсэг зурсан бол, Э.Бат-Үүлийн хүмүүсийн байгуулсан Гэр хорооллын хөгжлийн нам хамтарч ажиллахаар болсон гэж 2020 оны өмнө мэдэгдэж байв.  

-МҮАН ТАТАН БУУГДАЖ АН-ТАЙ НЭГДЭЖ БУЙГАА 2022 ОНД МЭДЭГДЭЖ БАЙЖЭЭ-

Харин МНН-тай эвсэж буй МҮАН-ыг анх 2006 онд М.Энхсайхан байгуулж, АН-аас гарч, туг далбаагаа Ардчилсан намтай тун адилхан хийлгэж байв. Улмаар М.Энхсайханы МҮАН 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-тай хамтарч “Шударга ёс эвсэл” нэрээр орж,парламентад 11 суудал авч, АН-тай хамтарч Засгийн газрыг байгуулж байв. Тодруулбал, МАХН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Уянга, Л.Цог, Д.Батцогт, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарын есөн гишүүн, МҮАН-аас Н.Батцэрэг, М.Сономпил гэсэн хоёр хүн “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийг 2012-2016 оны хугацаанд бүрдүүлж байв. Үүний “шанд” нь М.Энхсайхан Монгол Улсын сайдын албан тушаалыг хашиж байв.

Сонирхуулахад, 2012 оны сонгууль бол холимог системээр явагдсан ба энэ нь МҮАН-д “олз” М.Энхсайхан улс төрд эргэн эрэлт хийж байв. Учир нь 2016 оноос хойших УИХ-ын сонгуулиуд мажоритар системээр явагдахад МҮАН-ын нэг ч хүн парламентад сонгогдож чадаагүй. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгууль МҮАН оролцохгүй, харин АН-ыг дэмжиж оролцоно гэж мэдэгдсэн ч Н.Батцэрэг нар нь Өвөрахангайн тойрогт Ардчилсан намаас нэр дэвшээд ялагдал хүлээсэн. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар М.Энхсайханы гэдэг МҮАН, Ж.Батзандангийн Шинэ нам, Б.Жаргалсайханы Бүгд найрамдах нам, н.Отгонбаатарын Үнэн ба зөв намуудтай “эвсэл” болж ороод нэг ч суудал авч чадаагүй.

АН-д МҮАН нэгдэж, М.Энхсайхан, Б.Цогтгэрэл нар Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээв. 2022.12.26

Хачирхалтай нь,  М.Энхсайханы МҮАН АН-тай нэгдэж буйгаа 2022 оны арванхоёрдугаар сар /2022.12/-д мэдэгдсэн байдаг. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 24 /2022.12.24/-ны өдөр МҮАН-ын их хуралд 118 хүн оролцож, АН-тай нэгдэх тухай шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжиж, намаа татан буулгасан тухай мэдээлэл гарч байв.

Улмаар Б.Цогтгэрэл, М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ынхан АН-ын гишүүнчлэлээ сэргээж, үнэмлэхээ С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нараас хүлээн авч, улмаар М.Энхсайхан АН-ын Улс төрийн зөвлөлийн даргаар томилогдсон байдаг.

Нөгөө талаар М.Энхсайханы МҮАН болоод О.Бум-Ялагч МНН-ууд УИХ-ын сонгууль бүрийн өмнө хийдэг улс төрийн тохироо, наймаагаа энэ удаа Н.Номтойбаяртай хийж байна. Харин эдгээр улс төрийн жижиг намуудыг ашиглаж МАН-аас салсан хүмүүс “улс төрийн эргэн эрэлт”-ээ хийдэг. Тухайлбал, Н.Энхбаяр МАН-аасаа гарч МАХН-ыг байгуулаад сүүлийн 10 орчим жил МҮАН зэрэгтэй улс төр хийгээд МАН-даа эргэн ирсэн. Одоо түүний хүү нь УИХ-ын гишүүн, тойрон хүрээлэгчид нь Засгийн газрын гишүүн хийж байна. Харин өдгөө Н.Номтойбаяр МНН болон МҮАН дээр эргэн эрэлт хийж байна. Эцэст нь тэрбээр Н.Энхбаярын түүхийг давтаж, МАН-даа ирээд эргэж буцалтгүй шигдэж магадгүй юм.