Маргааш ЗГ, ирэх даваа гарагт ээлжит бус чуулганыг хуралдуулж, Цагаан сарын баяраас өмнө монголчуудад ЭТТ ХК-ийн ногдол ашиг болох 119 мянган төгрөгийг тараана

Маргааш ЗГ, ирэх даваа гарагт ээлжит бус чуулганыг хуралдуулж, Цагаан сарын баяраас өмнө монголчуудад ЭТТ ХК-ийн ногдол ашиг болох 119 мянган төгрөгийг тараана

УИХ-ын намрын ээлжит чуулганыг энэ сарын 17 /2024.01.17/-ны өдөр хаасан. Тэгвэл ирэх сарын 5 /2024.02.05/-ны өдөр  ээлжит бус чуулганыг хуралдуулахаар товложээ. Энэ талаар гишүүдэд мэдэгдэж, Улаанбаатар хотод байхыг сануулсан байна. 

Ээлжит бус чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашгаас Монголын 3.3 сая иргэнд ногдол ашгийг өгөх боломжийг нээнэ. Учир нь одоогийн хуулийн зохицуулалтаар 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөх боломжгүй байгаа юм. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монголын 3.3 сая иргэнд ногдол ашиг тараах боломж нээгдэх аж. 

Ээлжит бус чуулганаас өмнө буюу маргааш /2023.01.31/-ийн / Засгийн газрын хуралдаанаар мөн ногдол ашиг тараахтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ

Угтаа өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч "Дүнжингарав"-ын уулзарт гарсан ослын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлуулсан юм. Маргаашийн Засгийн газрын хуралдааны дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж шийдвэр гаргахаас гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг хоёр байгууллагад холбогдох асуудлаар шийдвэр гаргах юм. Үүний дараа иргэдэд 119 мянган төгрөгийн ногдол ашгийг тараана.

Энэ бүгдийг "Цагаан сарын баяр"-аас өмнө амжуулна гэх мэдээлэл байна. Мөн цагаан сарын дараа энэ хэмжээний ногдол ашгийг дахин тараана. Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2023 оны цэвэр ашиг 3 их наяд төгрөг болсон гэж буй. Үүний 2.2 их наяд төгрөг нь төрийн эзэмшлийнх, 870 гаруй тэрбум нь иргэдийнх аж. Ташрамд дурдахад, УИХ-ын намрын чуулган хаахтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан байдаг.