БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1327 хүнд үйлчлэх “Президент спорт комплекс” цогцолборыг барина

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1327 хүнд үйлчлэх “Президент спорт комплекс” цогцолборыг барина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт комплекс” цогцолбор барих төслийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг Төрийн ордонд хуралджээ. Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм.

Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх аж. Тус цогцолбор нь 59 мянган м2 талбай бүхий сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спининг, дугуй зэрэг нийт 19 төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлж, улмаар олон улсын спорт тэмцээн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Энэхүү спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах бөгөөд шаардлагатай газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн А/356 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалтын яаманд олгожээ. “Президент” спорт цогцолборын үйл ажиллагааны нэгэн зэрэг нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1327 хүнд үйлчилнэ. Энэ нь өдөрт 4500-6000 орчим хүүхэд, залуус спортоор хичээллэж 8000-10000 хүнд тус цогцолбор үйлчлэх хүчин чадалтай болох юм.

Тэгвэл ажлын хэсгийн хуралдааны үеэр төслийн бэлтгэл ажил, гадна инженерийн шугам сүлжээ барих, төсөл хэрэгжүүлэх байршлын урд байрлах эсрэг урсгалтай дөрвөн эгнээ замыг зургаа болгон өргөтгөх, шаардлагатай байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийх гэх мэт зургаан ажлыг хийхээр шийдвэрлэсэн байна.