Газын дэлбэрэлтэд өртсөний улмаас 90 хувийн түлэгдэлттэй эмчлүүлж байсан иргэн нас баржээ

Газын дэлбэрэлтэд өртсөний улмаас 90 хувийн түлэгдэлттэй эмчлүүлж байсан иргэн нас баржээ

2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн үед Дүнжингарав худалдааны төв орчимд гарсан галын ослын улмаас нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн байдаг бөгөөд нэг иргэн нь нэгдүгээр сарын 27-ны өдөр харамсалтайгаар нас барсан байдаг.

Тэгвэл ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 90-95 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан дахин 1 иргэн нас баржээ. Тодруулбал, Газын дэлбэрэлтэд өртөж, 90-95 хувийн түлэгдэлт авч эмчлүүлж байсан иргэн Б-ийн биеийн байдал хүнд байсаар өнөөдөр /2024.01.31/ өглөө 10:30 цагт нас барсан байна. Ингэснээр галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн 2 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах явцдаа нас барсан тохиолдол боллоо.

Улмаар Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа 4, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан юм. Өдгөө Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд дөрвөн хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой 1 хүн байна.