Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах" баримт бичигт гарын зурж магадгүй байна

Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах" баримт бичигт гарын зурж магадгүй байна

Ирэх долоо хоногийн Лхагва гараг /2024.02.07/-т Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад түүхэн төрийн айлчлал болох гэж байна. Германы Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй энэ удаагийн айлчлалын "улс төрийн ач холбогдол" маш өндөр гэдгийг судлаачид онцлох тэмдэглэж байна. 

Тухайлбал, судлаач-профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү энэхүү айлчлалын талаар Bloomberg телевизэд өгсөн тайлбартаа, "хоёр улсын ирэх 50 жилийн хамтын ажиллагааны алсын харааг тодорхойлсон айлчлал байх болно" гэж мэдэгдсэн байна.

Тэгвэл Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад түүхэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын "Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах" баримт бичигт гарын үсэг зурж магадгүй байгаа талаар судлаач Д.Баярхүү гуай онцолсон байна.

Тэрбээр, "Хоёр улс “Харилцааны үндсийн тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал” 1995 онд байгуулсан. Түүндээ харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон. 2008 онд “Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэ хоёр чухал эрх зүйн баримт бичиг манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны чигийг зааж байна. Миний төсөөлөл буйгаар Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах нь 2024 он байх болов уу. Өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололтуудаа нэгтгэн дүгнэж дараагийн 50 жилийн хамтын ажиллагааны чиг хараагаа тодорхойлохоор ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч манай улсад ирж байгаа болов уу гэж үзэж байна" гэж Монцамэ агентлагт ярьжээ.