Иргэн А.Гэрэлцогт, С.Номынбаясгалан, З.Тамир нар Сонгуулийн хуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Улмаар дээрх заалтыг нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн парламентыг Сонгуулийн тухай хуулийг батлахдаа Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн хэмээн цэцийн дүгнэлт гарчээ. Цэцийн дүгнэлтийг парламент 15 хоногийн дотор хэлэлцэн тайлбар, мэдээллээ хүргүүлэх учиртай. Тиймээс удахгүй болох ээлжит бус хуралдаанаар сонгуулийн хуулийн маргаантай холбоотой цэцийн дүгнэлтийг хэлэлцэж магадгүй байна.
Иргэн А.Гэрэлцогт, С.Номынбаясгалан, З.Тамир нар нь "Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэг буюу нэр дэвшүүлэхтэй холбоотой хэсэгт сүүлийн зургаан жил хүртэлх хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй" гэсэн заалт нэмсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ.
Энэ тухай Цэцийн үндэслэлд, УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан нь сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийн гарааны тэгш байдлыг хангах, сонгуулийн хуулийг тогтвортой мөрдөхөд чиглэдэг. Улсын Их Хурлаас "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 2023 оны 116 дугаар тогтоол гарган, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоожээ. Үүнээс үзэхэд хууль тогтоогч 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр буюу сонгууль явагдахын өмнөх нэг жилийн дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна гэсэн байна.