Ш.Идэрбаясгалан: Хөвсгөл аймгийн Мөрөн хот хөлдөж байна /ВИДЕО/

Ш.Идэрбаясгалан: Хөвсгөл аймгийн Мөрөн хот хөлдөж байна /ВИДЕО/

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар Бүсчилсэн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.

ҮЗЭХ: 

ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү: 2012-2016 онд Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газрын үед мэргэжлийн түвшинд, судалгаанд суурилж ажилласан байдаг. Асуудлаа шийдвэрлэхийн тулд мэргэжлийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг явуулах шаардлагатай. Сонгуульд зориулсан биш бүсэд зориулсан хөгжил байх ёстой. Ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог. Харин бизнес эрхлэх орчныг нь бий болгох шаардлагатай. Зөвхөн хот биш Монгол Улс даяараа хөгжих ёстой. Улаанбаатар хотод нийт хүн амын 50% нь амьдарч байна. Үүний 60% нь ямар нэг дэд бүтэцгүй газар амьдарч байна. Нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө тээвэр, логистикийг бий болгосон бүсчлэлийг бий болгох шаардлагатай байна. Бүсчилсэн хөгжил гэдэг бол нийслэлээс гадна  бүсийн төвүүдэд дэлхийн жишигт хүрсэн хотууд байгуулагдахыг хэлнэ. Эдгээр нь эдийн засгийн гол тоглогчид байх хэрэгтэй гэдгийг бид 2012 онд гаргаж байсан.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Зүүн бүсийн аймгууд Монгол Улсын транзит тээврийн томоохон бүс нутаг болж байгаа юм. Бүсчилсэн хөгжил бий болсноор зүүн бүсэд эдийн засаг, худалдааны босоо тэнхлэгийг бий болгох бүрэн боломжтой. Бүсийн аймгуудын хэмжээнд томоохон валютын орлого олох эх үүсвэр нь тээвэр, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх юм. Хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийг бий болгож түүнийхээ хүчин чадлыг өөрчлөх замаар аж үйлдвэрийн парк байдлаар хөгжүүлнэ. Дэлхийн томоохон брэнд болсон Халх гол, Дарьгангын брэнд байгаа учраас аялал жуулчлалын бүсчлэлийг бий болгох боломжтой. Бид бүсээрээ асуудлыг ярихгүй байгаа учраас аймаг, сумаа засмал замаар холбодог, эхлээд аймгууд хоорондоо авто замаар холбогдох боломжтой. Хамтарсан дорвитой алхмуудыг хийхгүй байгаа учраас бүс нутгийн хөгжлийн гацаа маш их үүсэж байна. Бүсчилсэн хөгжлийн балансыг нь зөв барьж нэгдсэн бодлого, чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь алсыг харсан шийдлүүдийг бий болгоно.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Говийн бүсийн дөрвөн аймгийн хувьд цаг агаарын байдал, аж амьдрал, зовлон бэрхшээл нэгтэй юм. Говийн бүс нутагт хариуцлагатай уул уурхай, ус, сэргээгдэх эрчим хүчийг зөв төлөвлөх хэрэгтэй. Бид сүүлийн 20 жилийн хугацаанд Хэрлэн , Орхон төслүүдийг ярилаа. Гэсэн хэдий ч одоог хүртэл амжилттай хэрэгжиж чадаагүй байна. Одоо байгаа уул уурхайн үйл ажиллагааг тасалдуулахгүй, байгаль орчноо сүйрүүлэхгүй, бохирдуулахгүйгээр, говийн бүс нутгаа авч үлдэх бодит шаардлага тулгарч байна. 5000 жил сэргээгдэх гүний усыг ариглан хэмнэж, хамгаалж үлдээх нь нэн чухал байна. Говийн бүсийн дөрвөн аймаг нийлж усны хангамжаа шийдэх, ногоон бүсийг бий болгох, 15км тутам усаа гаргадаг байхаар төсөл бидэнд байна. Бүсчилсэн хөгжлийг ярьснаар олон жил яригдсан усны төслөө хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Нар, салхи сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй газар учир түүнийгээ хөгжүүлэх, бодлогын түвшинд ажиллах шаардлагатай байна. Сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, хариуцлагатай уул уурхайг цаашид дэмжиж Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж буй зэс, нүүрс, алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нийгмийн хариуцлага, байгаль орчны хариуцлагатай болгож ард иргэддээ ээлттэй уул уурхайг дэмжье.

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд: Монгол орны өнцөг булан бүрээс бүсчилсэн хөгжлийг ярьж байна. Баруун бүс нутаг маш их онцлогтой боомтуудтай, хөрш улсуудтай хиллэдэг учир энэхүү давуу талуудыг ашиглан олон улсын худалдаа, логистикийг хөгжүүлэх боломж өргөн байна. Үүнийг дэмжиж Ховд, Увс аймгийг холбосон 160 км авто замыг барьсан байгаа. Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, түүний түүхий эдийг бэлтгэх чиглэлээр бүсчилсэн хөгжлийн бодлогууд маань хэлэлцэгдэж байна. Газар тариалан голлосон хөдөө аж ахуйн бүс нутгийг хөгжүүлэх таатай орчин нөхцөл бидэнд байна. Мөн хиллэдэг боомтуудаар дамжуулан худалдаа, үйлчилгээний салбарууд хөгжиж эдийн засгийн чадавх сэргэх бүрэн боломж бий.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Ш.Идэрбаясгалан: Өнөөдрийн байдлаар судлаачид эдийн засагчдын ярьж байгаагаар бүсчилсэн хөгжийг ярих шаардлага бодитоор тулгарч байна. Монгол Улсад авлигын асуудал ноцтойгоор тулгамдаж байгаа учир бүсчлэлийг бий болгосноор түүнийг сааруулах боломж бүрдэнэ. Хөвсгөл, Орхон аймгуудын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй байдаг. Тийм учраас эрүүл бүс байж байж эрүүл мал аж ахуйг бий болгохоор ажиллаж байна. Органик мах, махан бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллана. Ингэснээр бид импортлогч биш экспортлогч байх юм. Аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгаж тогтвортой, эко бүсчлэлийг хөгжүүлэх шаардлага улам бүр тулгарсаар байна. Хэрэв аялал жуулчлал ярьж байгаа бол бид үүд хаалга нээлттэй болгох, онгоцны нислэгийг олон улсын томоохон стандартад нийцүүлэх шаардлагатай. Энэ ташрамд хэлэхэд, өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хот хөлдөж байна. Хүүхдүүд хичээлдээ гадуур хувцастайгаа суусан ч даараад сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй нөхцөл байдалд байна. Уг асуудлыг холбогдох яам нь УИХ-д суугаа гишүүд олон жилийн өмнөөс мэдэж байсан ч дорвитой шийдвэр өнөөдрийг хүртэл гаргаагүйн улмаас ийм нөхцөл байдалд хүрсэн. Холбогдох газрууд анхаарч өгөхийг хүсье.