Хотын дарга асан Д.Сумъяабазар "УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдаж орно" гэжээ

Хотын дарга асан Д.Сумъяабазар "УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдаж орно" гэжээ

Улсын төсвийн 318 тэрбумын төгрөгөөр хуучин “Ногоон автобус”-ны худалдан авсан асуудлаас болж Хотын даргаасаа чөлөөгдсөн Д.Сумъяабазар энэ хэргийг шалгах явцаас сугарч үлдэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

-Д.СУМЪЯАБАЗАР ОДОО Ч ХОТЫН АЖИЛД ОРОЛЦОЖ БАЙГАА ГЭВ-

Угтаа 2023 оны улсын төсөвт Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарт 339 тэрбум 743 сая төгрөгийг УИХ-аас баталж өгсөн. Товчхондоо, Ж.Сүхбаатар 339 тэрбум төгрөгийн захиран зарцуулагч нь гэсэн үг. Энэ ч утгаараа тэрбээр энэ мөнгөнийхөө 318 тэрбумаар нь “Ногоон автобус” авч, 21 тэрбумаар нь Нийтийн тээврийн автопарк шинэчлэлд зарцуулсан.

Харин 318 тэрбумаар автобус худалдан авах ажлын хэсгийг Д.Сумъяабазарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1520 дугаартай захирамжаар байгуулсан байдаг. Энэ ч үүднээсээ Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг "Ногоон автобус"-ны хэрэгт шалгагдах ёстой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Гэтэл Д.Сумъяабазар өөрийнхөө захирамжаар байгуулсан ажлаа хяналгүй орхисон байж магадгүй байгаа. Тэрбээр оролцоогүй ажилдаа хариуцлага хүлээхгүй гэж эцсийн мөч хүртлээ гүрийсэн ч  Ерөнхий сайдын өрөө рүү орж гарч ирээд л удалгүй чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл тэрбээр Хотын даргын ажлаа өгснөөс хойш ихэвчлэн гадаадад байгаа бөгөөд Монголд ирэхээрээ найз Х.Нямбаатартаа тусалж, хотын ажилдаа албан бусаар оролцож байгаа гэх. Өөрөөр хэлбэл, тэр хөшигний араас Улаанбаатар хотын ажлыг хийж байгаа аж.

Нийслэлийн МАН-ын эрх мэдлийг өнөөдөр ч атгаж байгаа тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй харин ирэх намар орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ын хорооны даргын хувиар намаа удирдаж орно хэмээн ярьж буй талаар тус намынхан ярьж байна. 

Нийслэлийн МАН сонгуулиас өмнө хуралдаж даргаараа Х.Нямбаатарыг сонгоно гэх мэдээлэл байсан ч уг асуудлыг түр хойшлуулсан байна. Тиймээс Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын ажлыг 2024 оны өмнө нэг удаа идэвхжүүлж татвар, тооцоогоо гишүүдээсээ авна хэмээн бужигнуулчхаад нам, гүм болжээ. Ташрамд дурдахад, Нийслэлийн МАН-ын төлөөх эрх мэдлээс болж нэг талд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нөгөө талд Д.Амарбаясгалан, С.Амарсайхан гэсэн хүмүүс хуваагдан "үзэлцэж" улмаар зодоон нь  томорч, "Ногоон автобус", нүүрсний хэрэг болж дэгдсэн байдаг. Тэдний зодоон жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах дайны дөхөхөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар чөлөөлөгдсөн. Гэсэн ч Д.Сумъяабазар найз Х.Нямбаатартаа Хотын даргын ажлыг өгөөд явсан юм. Одоо тэдний сүлжээ, хэрүүл цаашид яаж үргэлжлэх нь сонгуулийн үеэр илүү тод болно.