Өмнөговь аймгийн “Түмэн тэмээний баяр” эхэллээ

Өмнөговь аймгийн “Түмэн тэмээний баяр” эхэллээ

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг уламжлалт “Түмэн тэмээний баяр” эхэллээ. Монгол Улсын хамгийн олон тэмээтэй тус аймаг энэхүү эвентийг 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Энэ талаар Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа “Энэ жилийн тэмээний баяраар тэмээний поло, тайлаг, торомны уралдаан, сайхан тэмээтэй хосын тэмцээн, тэмээн парад, ингэний айргийн баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “мэндлэх, хүндлэх ёс” хөөрөгний үзэсгэлэн, Дундговь аймгийн “Өмнийн говийн өв соёл” үзэсгэлэн, тэмээний ноосон эдлэл, бүтээгдэхүүний загварын шоу гээд нийт 20 орчим хөтөлбөртэй” гэжээ.

Тус эвент жил бүрийн гуравдугаар сард болдог ч Хөвсгөлийн мөсний баяр, Улаанбаатар хотод болдог “Бүргэдийн баяр”-тай давхцуулахгүйн тулд хугацааг нь нэг сараар наашлуулжээ. “Түмэн тэмээний баяр”-т оролцогчид, жуулчид тэмээ унах, тэмээтэй парадад жагсах зэргээр наадмыг зөвхөн үзэх биш өөрсдөө оролцох боломжтой ажээ. Монгол Улс 2023 онд 473900 толгой тэмээ тоолсноос гуравны нэг нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байна.