Жижиг намуудыг ашиглан улс төр хийж явсаар "МАН-д эргэн очсон" Н.Энхбаярын түүхийг Н.Номтойбаяр давтана

Жижиг намуудыг ашиглан улс төр хийж явсаар "МАН-д эргэн очсон" Н.Энхбаярын түүхийг Н.Номтойбаяр давтана

“Эрдэнэс тавантолгойХК-иас иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааны 116 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан, Засгийн газраас “Бүсчилсэн хөгжил”-ийн чуулганыг зохион байгуулсан гээд өрнөл ихтэй долоо хоног өнгөрч байна. Мөн Монголын ногоон нам, Монголын үндэсний ардчилсан намын хамтрал болох “Үндэсний эвсэл”-ийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ажиллахаар болсон нь улс төрийн хүрээнд анхаарал татсан үйл явдал байв.

-МҮАН ЗЭРЭГ ЖИЖИГ НАМУУДЫГ АШИГЛАН Н.ЭНХБАЯР ШОРОНД ОРОХДОО ХАМГААЛУУЛЖ, УЛС ТӨР ХИЙЖ ЯВСААР МАН-ДАА ТООГДОЖ ЭРГЭН ОЧИЖ БАЙВ-

Тодруулбал, Улсын дээд шүүхийн “Улсын төрийн намын бүртгэл”-д эхний гуравдугаарт бичигддэг Монголын ногоон нам /МНН/ болон 13 дугаарт бичигддэг М.Энхсайханы гэх тодотголтой Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ хамтарч “Үндэсний эвсэл” нэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд орохоор болж, эвслийн даргаар нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр сонгогдоод байна. Шүүхээс ял сонсож, биеэр эдлээд гарч ирсэн Н.Номтойбаярыг жижиг намуудыг ашиглан улс төр хийж МАН-даа “эргэн эрэлт” хийх гэж байна хэмээн хардах хүмүүс ч олон байна.

Үнэндээ МНН, МҮАН-ын хамтрал, эвсэл нь “шинэ” зүйл биш, мөн Н.Номтойбаяр улс төрийн намуудыг эвсүүлж, өөрөө дарга болж байгаа нь ч монголын улс төрд болж буй “анхны” зүйл ерөөс биш юм. 

Тухайлбал,  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАН-аас гарч 2011 онд “МАХН-ын Онц их хурал” гэгчийг зохион байгуулж, өөрөө МАХН-ын даргаар сонгогдож байв. Улмаар Н.Энхбаяр 2011 онд “Эх орон шударга ёс” хөдөлгөөн гэгчийг МҮАН-тай хамтран байгуулсан юм. Харин 2012 оны дөрөвдүгээр сард Н.Энхбаяр өөрийн гэрээсээ АТГ-ын алба хаагчдад баривчлагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдон, өлсгөлөн зарлаж улмаар Клиникийн нэгдсэн II эмнэлэг рүү шилжиж байв. Энэ үеэр “Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөн өрнөж, “Эх орон шударга ёс” хөдөлгөөнийхөн “МАХН-ын дарга Н.Энхбаярыг сулла” хэмээх жагсаал зохион байгуулж байлаа. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, улмаар 2012 оны наймдугаар сар Н.Энхбаяр анхны шатны шүүхээс 4 жилийн хорих ял авч, давж заалдах шатны шүүхээс 2,6 жил болгон бууруулж байв. 

ВИДЕО:  Н.Энхбаярыг баривчлах үеийн бичлэг

Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 2012 оны УИХ-ын сонгуулиар 11 суудал авч АН-тай хамтарч Засгийн газрыг байгуулж байв. Үүний дараа МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, тэрбээр 80,563 хүний санал авсан юм. Үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр суллагдсан. Товчхондоо, МАН-аас гарч МАХН-ыг дахин байгуулсан Н.Энхбаяр МҮАН зэрэг улс төрийн жижиг намуудтай хамтарч “хүнд үедээ өөрийгөө хамгаалуулж”, явсаар улс төрд эргэн эрэлт хийж, МАН-даа дахин тоогдсон юм. Тодруулбал, Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн У.Хүрэлсүх, Н.Энхбаяр хоёр гар барьж МАН, МАХН намууд нэгдсэн. Харин Н.Энхбаяртай ганзага нийлүүлж явсан МҮАН зэрэг улс төрийн жижиг намууд яг байсан байрандаа үлдэж МАН-аас хөөгдсөн өөр нэг нэгнээр дахин удирдуулахаар болж байна.

-Н.ЭНХБАЯРЫН ТҮҮХИЙГ Н.НОМТОЙБАЯР ДАВТАЖ ЖИЖИГ НАМУУДЫГ АШИГЛААД МАН-ДАА ЭРГЭН ОЧИХ УУ-

Тэгвэл Н.Энхбаярын МАН-д эргэн очсон түүхийг Н.Номтойбаяр МНН, МҮАН зэрэг улс төрийн жижиг намуудыг ашиглаад давтаж магадгүй. Учир нь 2021 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг холбогдох Байнгын хороод дэмжсэн бол, мөн өдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Н.Номтойбаярыг МАН-аас хасах шийдвэрийг гаргасан юм. Харин 2020 оны тавдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон. Энэ үеэр Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан бөгөөд СЕХ-ноос түүнийг бие даан нэр дэвшигчээр албан ёсоор бүртгээд байсан юм.

Н.Номтойбаяр цагдан хоригдох болсон тухайгаа, “Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй” хэмээн мэдэгдэж байв.  

Ингээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа эрхэлсэн ажилдаа хайнга хандсан хэмээн үзэж хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноож, тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сард шоронгоос суллагдсан юм. Н.Номтойбаяр, “Та бүгд сайн байна уу? "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн мэдэгдэж байв.

Ийнхүү мэдэгдээд хэсэг чимээгүй суусан Н.Номтойбаяр энэ долоо хоногт МНН, МҮАН-ын “Үндэсний эвсэл”-ийн дарга болсон хэмээн мэдэгдэх нь тэр. Түүний ирээдүй Н.Энхбаярын түүхийг давтаж, МАН-д эргэн очих уу, үүндээ МНН, МҮАН зэрэг сонгуулийн өмнө идэвхждэг жижиг нам, улс төрчдийг ашиглах уу гэдгийг харах л үлдэж байна. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө