Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх Хөх луу жилийн цагаан сарын засал номоо хийлгэх иргэдийн хөлд Гандантэгчэнлин хийд дарагдаад эхэлжээ. Учир нь, иргэд сар шинэ гарахын өмнөх долоо хоногоос эхлэн шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг чухалчилдаг. Сүүлийн үед иргэд цахимаар хурал даган баясах нь ихэссэн байна.
Цахим засал хийлгэхдээ Gandan.mn сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих аж. Үүний дараагаар бүртгүүлсэн хаягт нь мэдээлэл ирснээр баталгаажих бөгөөд номыг уншсан даруйд мөн иргэн рүү хариу илгээдэг байна. Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж билэгшээдэг билээ. Цахимаар уншуулсан, биечлэн хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэн гэсэн үг аж. Хэрвээ шинийн 15-ны дотор амжаагүй бол Хаврын эхэн сардаа багтаан засал номоо хийлгэвэл зохилтойг зурхайчид ярьж байна.
Үүнээс гадна Гандантэгчэнлин хийдийн сайт руу орж мөр гаргах зүгийн мэдээллээ дэлгэрэнгүй харах боломжтой байна. Жилийн засал гэдэг нь шинжлэх ухааны ойлголт. Таван махбодь буюу гал, шороо, төмөр, ус, мод зэргийн хоорондын шүтэн барилдлагаас үүсч байгаа зүйл юм. Жишээлбэл, жил орох гэдэг ойлголт бий. Тиймээс нийт луу жилтнүүд жилийн засал хийлгэх шаардлагатайг зурхайч хэллээ. Мөн “суудлын гүм” гэдэг засал хийлгэх аж. Энэ ном нь тухайн жилд аваар осолгүй, хар, цагаан хэл ам, атаа, чөтөөгүй, өвчин зовлонгүй байхын тухайд хийгддэг засал байна. Үүнийг мөн цахимаар уншуулах боломжтой байна.