Говь болон тал хээрийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндэрч байна

Говь болон тал хээрийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндэрч байна

УОК-ын Шуурхай штаб өвөлжилт хүндэрч буй аймгуудын Онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдлаа. Тал хээрийн, өмнөд бүсэд оршиж буй аймгуудаас өгсөн мэдээллээр Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийнхан хүндэвтэр өвөлжиж байна.

Тухайлбал:

  • Говьсүмбэр аймгийн нийт нутаг цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна. Аймгийн хэмжээнд 778 өрхийн 450.1 мян толгой мал хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар томилсон ажлын хэсэг зудын эрсдэлийн үнэлгээг хоёр удаа хийсэн бөгөөд Сүмбэр, Баянтал сумд нэн их эрсдэлтэй, Шивээговь, Баянтал сумдууд их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
  • Дундговь аймгийн нийт нутгаар цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тус аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт адуу, мал ихээр уруудан орж, малчдад хүндрэл үүсгэж байгаа тул сумын “Буянт” багийн төв дээр отрын штабыг байгуулжээ.
  • Өвөрхангай аймгийн хувьд Бүрд, Есөнзүйл, Хужирт сумын 10 багийн 1346 өрх өвөлжилт хүндэрсэн байдалд байна. Тус аймгийн 9 сумын нийт 2971 толгой мал хоргодоод байна.
  • Өмнөговь аймгийн хувьд өвөлжилт хүнд, нийт бэлчээрийн 5 хувь нь өвстэй, 55 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь зудын нөхцөл байдалтай байна. Аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2. 042. 001 толгой мал өвөлжиж байна.

УОК-ын Шуурхай штабаас:

  • Өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулах зудын эрсдэлийн төлөвлөгөөг аймаг, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх,
  • Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохих арга хэмжээг авах,
  • Зам даваа хаагдсан болон тээврийн хэрэгсэл явах боломжгүй газруудад зам гаргах ажлыг үргэлжлүүлэн хийж, мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт солилцож ажиллахыг үүрэг болголоо.