З.Боргилмаа: Б.Энхбаяр сайд сэтгүүлчдийг гүтгэж байгаа үйлдэлдээ ямарваа хариуцлага хүлээхийг шаардана /ВИДЕО/

З.Боргилмаа: Б.Энхбаяр сайд сэтгүүлчдийг гүтгэж байгаа үйлдэлдээ ямарваа хариуцлага хүлээхийг шаардана /ВИДЕО/

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ сарын 01-ний //2024.02.01/ өдөр телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “2022 оны хавар нүүрс тээврийн том оврын машин оруулж ирж нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” улмаар “Энхбаярыг хэвлэлээр гутаах” ажиллагааг зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн билээ. Түүний энэхүү мэдээлэл нь сэтгүүлчдийн төдийгүй ардчилсан нийгмийн амин чухал хэсэг болох чөлөөт хэвлэлийн эсрэг нийгэм, олон нийтийг өдөөн турхирсан үйлдэл хэмээн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас чөлөөт хэвлэлийн бие даасан хараат бус байдал, нэр хүндэд халдсан үйлдлээ даруй таслан зогсоож, хуулийн хүрээнд ажиллах, сэтгүүлчдийн талаарх ноцтой мэдэгдэлдээ уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардсан юм. Уг асуудлаар бид Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа. 

ВИДЕО:

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мэдээлэлтэй холбоотойгоор Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийг нүүрс тээврийн автомашинтай гэж мэдэгдсэн. Монгол Улсад хуулиар хориглоогүй ямар ч бизнесийг хэн ч эрхлэх боломжтой. Хэвлэл мэдээлэл гэдэг өөр өөрийгөө санхүүжүүлж явдаг чөлөөт бизнес. Гэхдээ энэ салбарын бизнесийн нэг онцлог нь масс бүтээгдэхүүн борлуулдаггүй. Бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь олон нийтэд үнэгүй хүрч байдгаараа онцлогтой. Сүүлийн үед сэтгүүлчид бие даан хэвлэл мэдээллийн  редакц байгуулж, өөрсдөө хөрөнгө оруулагч болох нь нийтлэг болсон. Нэг хэсэг улстөрчид, бизнесийнхээ энэ салбарт ихээр хөрөнгө оруулдаг байсан бол одоо эсрэгээрээ сэтгүүлчид өөрсдөө хөрөнгө оруулагчид болж байна. Хүнд ажил олгож, цалин тавьж явна гэдэг нь масс бүтээгдэхүүн борлуулдаггүй сэтгүүл зүйн салбарт маш хэцүү зүйл байдаг. Тиймээс орлогын өөр эх үүсвэр хайж, олж байгаа орлогоо төгрөгөөр бус өөр хэлбэрээр буюу бартер авдаг үзэгдэл манай салбарт байдаг. Б.Энхбаяр сайд нүүрс тээврийн 50 автомашин авсан гэдэг сэтгүүлчдийг чухам юунд буруутгаж байгааг нь түүний ярилцлагаас ойлгоогүй. Нүүрс тээврийн автомашин авсан гэдэг нь нүүрсний хэрэгт холбоотой гэсэн үг юм уу,  юу нь ойлгогдохгүй бүрхэг мэдээлэл цацсан. Уг нь Хууль зүйн сайд өөрийнхөө хэлээд байгаа тэр 50 автомашиныг хэн оруулж ирж, сэтгүүлчдэд өгсөн юм бэ гэдгийг олж тогтоон, ил зарлах байсан. Энэ нь авлига албан тушаалын хэрэгтэй тэмцэх, төсвийн захиран зарцуулах үүрэгтэй төрийн нэрээр ард түмний баялгийг эзэмшин, захиран зарцуулж байгаа улстөрчид, албан тушаалтнуудын гэмт үйлдлийг хянах нь Засгийн газрын, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үндсэн ажил шүү дээ. Гэтэл 50 машин өгсөн албан тушаалтнуудынхаа талаараа огт мэдээлэхгүй, авсан гэх сэтгүүлчдийн талаар хөндөж байгаа нь чөлөөт хэвлэл, хэвлэл мэдээллийн нэр хүндийг унагах, улмаар энэ салбарт итгэх олон нийтийн итгэлийг унагах эрсдэлтэй мэдээлэл болсон. 

-Тэгэхээр МСНЭ Б.Энхбаяр сайдын мэдээллийг шууд үгүйсгэж байна гэж ойлгож болох уу?

-Сэтгүүлчдийг батлагдаж, нотлогдоогүй, үндэслэлгүй мэдээлэлд холбож, нийгэмд нэр хүндийг нь унагаж байгаа нь сэтгүүлчдийн мэргэжлийн нэр хүнд хөндөгдөөд зогсохгүй, нийгэмд маш хортой үр дагавартай юм. Итгэлцэл, ойлголцол, эх сурвалжтай мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагад бэлтгэсэн мэдээ мэдээлэл нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. Б.Энхбаяр сайдын мэдээлэл нь нэг талыг барьсан, хариуцлагагүй мэдээлэл байна гэж үзээд түүнийг энэхүү мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой хэмээн МСНЭ шаардлага гаргасан.

-МСНЭ Б.Энхбаяр сайдын ямар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа вэ?

-Хариуцлага нь ямар хэлбэртэй байх талаар дурдаагүй. Тэрбээр энэхүү мэдээллээ нотлох юм уу, эсвэл батлагдаж, нотлогдоогүй, хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй мэдээлэлдээ сэтгүүлчдийг гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулсан энэ мэдээллийн төлөө сэтгүүл зүйн салбарынхнаас уучлалт гуйх юм уу, ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой. 

-Хэрэв та бүхний хэлж байгаачлан хариуцлага хүлээхгүй бол яах вэ?

-Мэдээж МСНЭ гаргасан мэдэгдлийнхээ дагуу шаардлагаа тавиад явна. Сэтгүүлчдийн нэр төрд халдсан үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлахгүй байх зэргээр акц өрнүүлэх болно.   

З.Боргилмаа Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч

-Б.Энхбаяр сайд өөрийг нь хэвлэлээр гутаах ажиллагааг зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн. Энэ талаараа МСНЭ-д ямар нэгэн гомдол, мэдээлэл хүргүүлсэн болов уу?

-Сэтгүүлчид ёс зүйн кодоо зөрчсөн эсэхэд хяналт тавьдаг өөрийн байгууллага нь Хэвлэл мэдээллийн зөвлөл. Тус зөвлөлд гомдол гаргах эрх нь хэнд ч нээлттэй. Энэ редакцын энэ мэдээлэл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна гэж үзвэл түүнийг нь Хэвлэл мэдээллийн зөвлөл хэлэлцдэг. Б.Энхбаяр сайдын хувьд одоогийн байдлаар ямар нэгэн байдлаар гомдол гаргаж, мэдээлэл ирүүлсэн зүйл байхгүй байна. Чөлөөт хэвлэлийн мөн чанар нь хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтныг шүүмжилдэг, шүүмжлэмтгий мөн чанартай. Гэтэл ажлаа хийснийх нь төлөө өөрт нь таалагдаагүй бүхнийг нэр хүндэд халдсан, гүтгэсэн, гөвсөн гээд хэвлэлийн байгууллага, сэтгүүлчдийг буруутгаад, гомдоод яваад байх нь зохисгүй байх. Учир нь Б.Энхбаяр сайдын сайд болохоосоо өмнө албан тушаалтан хэвлэлд нэр хүнд нь хөндөгдсөн тохиолдолд гомдол гаргаж болохгүй, харин эсрэгээрээ тайлбар хийх ёстой гэсэн заалтыг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлаад явж байсан шүү дээ. Ер нь хэвлэлд нэр хүнд нь хөндөгддөг эрх мэдэлтэн, улстөрчид л сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг унагах, бичсэн мэдээллийг нь үгүйсгэх зэргээр санаатай болон санаандгүй үйлдлийг гаргаж, нийгэм, олон нийтийг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг турхирах, итгэх итгэлийг нь унагах ийм зохион байгуулалттай ажлыг хийж байна гэж харж байна. 

-Ер нь цаашид энэ мэт сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг унагах байдлыг хэрхэн таслан зогсоох боломжтой бол. МСНЭ энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин үнэхээр дутмаг байна. Үүнийг хууль гадарладаг эрх мэдэлтнүүд ихээр ашиглахыг хүсдэг болсон. Яагаад энэ баримтыг мэдээлсэн, яагаад энэ баримтыг олж авсан, яагаад хадгалж байсан юм гэхчлэнгээр ял тулгаж байна. Бид сэтгүүлч учраас, иргэдийн мэдэх эрх хангах үүднээс хэвлэн нийлэх эрх чөлөөтэй юм гэдэг тайлбарыг өгдөг боловч үүнийг мэргэжлийн үйл ажиллагаа юмаа гэж тайлбарласан хууль эрх зүйн орчин байдаггүй. Тиймээс ч хуулийн энэ цоорхойг ашиглаж сэтгүүлчдийг буруутгах болсон. Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, Хүний эрхийн факт бусад нэгдэн орсон эрх зүйн хүрээнд бидний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эх сурвалжаа хамгаалах зэрэг эрхүүдийг хамгаалсан хамгаалалтууд байгаа боловч практик дээр Монголд үүнийг нь үл хэрэгсэж байна. Тиймээс бид эрх зүйн орчиндоо хамгаалалт шаардах, байгаа эрх зүйн орчныг нь бидний эсрэг ашиглаж байгаа жишээн дээр үргэлж дуу хоолойгоо хүргэж, нэгдэн нийлж тэмцэж, бичиж тэмдэглэн үлдээх учиртай. 




Өнөөдөр цэлмэг байна

17 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

18 цагийн өмнө