НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Эко авто машин импортлогчдын холбоо" ТББ-ын төлөөлөл "Нийслэлд 730 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог гэх тоон баримт бий. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олгохдоо хязгаарлаж, үнэ тогтоох тухай тогтоол батлагдсан. Маргаашаас нийслэлчүүд машин худалдаж авах эрхгүй болох гэж байна. Энэ бол хүний эрхэд халдсан, үндсэн хуулийг зөрчсөн хууль батлагдах болно. Хотын дарга Х.Нямбаатар улсын дугаарыг 9911-тай утасны дугаар шиг үнэтэй болгоно гэж ярьж, амьдралаас тасарсан шийдвэрүүд гаргаж байна. Хэрвээ энэ хууль батлагдчихвал машин шигээ үнэтэй улсын дугаар худалдаж авах болчих гээд байна. Энэ хууль бол далд эдийн засгийн эргэлтийг дэмжиж буй явдал.
Манай ТББ-аас тогтоолын төслөө буцааж татах хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Гэхдээ ямар ч хариу ирээгүй. Эд баярын үеэр буюу маргааш НИТХ-ын хурлын үеэр хулгайгаар уг тогтоолоо батлах гэж байна. НИТХ-ын төлөөлөгчдөөсөө энэхүү хуулийг буцааж, татахыг уриалъя. Машин худалдах, худалдаалж буй иргэд өөрсдөө л татвараа төлдөг шүү дээ. Энэ хууль бол далд эдийн засгийн эргэлтийг дэмжиж буй явдал. Хотын дарга Х.Нямбаатар Сингапур улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 100 мянган ам.доллароор худалдаж авдаг тухай туршлага судалсан гэж ярьсан. Гэтэл нийт иргэдийн 98 хувь нь зээлээр авто машин худалдаж авч байгаа шүү дээ. Энэ шийдвэрээ эргэж харахыг хүсэж байна" гэлээ.