ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр өнөөдөр Чингис хааны музейд зочилно

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр өнөөдөр Чингис хааны музейд зочилно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Айлчлалын хоёрдахь өдөр буюу өнөөдөр  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт бараалхана. Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч нар өчигдөр хамтарсан мэдэгдэл хийх үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр “ Маргааш Чингис хааны музейтэй танилцаж “Монгол-Германы Хархорин экспедиц”, “Монгол-Германы Орхон экспедиц”-ийн хамтын ажиллагааны үр дүнд гаргаж авсан түүхэн олдворууд болон бусад үзмэр, түүх дурсгалын өлгийтэй танилцах болсондоо баяртай байна.

Цаашлаад Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг илтгэн харуулсан биет үзэсгэлэнг ХБНГУ-д хамтран гаргах талаар ярилцсандаа баяртай байна”  хэмээн мэдэгдсэн. Тиймээс Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр өнөөдөр Чингис хааны музейд зочлох нь. Улмаар “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-д зочилж оюутан, сурагчидтай уулзахаа ч мэдэгдсэн юм.