ТЦА: Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын гол гудамж, замуудад ямар нэгэн хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийхгүй

ТЦА: Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын гол гудамж, замуудад ямар нэгэн хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийхгүй

Жил бүрийн цагаан сарын баяраар орон нутгийг зорьсон замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Жолооч нар орон нутгийн замыг зорихдоо урьдчилан цаг агаарын мэдээллийг харж, тээврийн хэрэгслийн өвлийн дугуй, цан үлээгүүр, галын хор, эмийн сан болон бусад дагалдах хэрэгслийг шалгаж, том оврын ачааны автомашины оврын хэмжээг тодотгосон гэрэл ойлгогч байршуулж, замд гарахаас өмнө сайтар амарч замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох шаардлагатай.

Тээврийн хэрэгслийн зорчигч нар аян замд бууж, суухдаа зорчих хэсэг тал руу, бие засахдаа замын эсрэг тал руу явж зам тээврийн ослын хохирогч болох эрсдэл цөөнгүй гардаг учир анхаарахыг зөвлөе. Золголт хийхдээ айраг, нэрмэл зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. "Согтууруулах ундаа" гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг хэлдэг. Жолооч нар шалгах үед архи, дарс уугаагүй бол зүгээр гэж ойлгодог эсвэл туршлагагүй, огт жолооч биш хүмүүст жолоогоо шилжүүлж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулна.

Нийслэл Улаанбаатар хотын хувьд жил бүр ачаалал авдаг гудамж замуудыг тоочвол:

  • ХУД-ийн нутагт - Нисэхийн тойргоос хойш Моносын уулзвар хүртэлх замууд;
  • СХД-ийн нутагт - Баянхошуу, Толгойт, Орбитын орчмын замууд болон  Энхтайваны өргөн чөлөө өглөө баруунаас зүүн тийш, орой зүүнээс баруун тийш;
  • СБД-ийн нутагт -  Чингэлтэйн өргөн чөлөөний зам, Бэлх, Сэлх, 7 буудлын орчмын замууд;
  • БЗД-ийн нутагт - Дарь эхийн болон Улиастайн замууд;
  • ЧД-ийн нутагт - Хайлаастын эцэс, Хүчит шонхор, Дэнжийн 1000-аас Янмалын давдаг шулуун замууд;
  • БГД-ийн нутагт - Энхболдын, Энхбаярын, Телевизийн замууд, Стандарт дэлгүүрийн гарц.

Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын гол гудамж, замуудад ямар нэгэн хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийхгүй.Жолооч та бүхэн айлд золголт хийхээр орохдоо гудамж, зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулахдаа шуурхай албаны тээврийн хэрэгсэл явах боломжийг хязгаарлахгүйгээр зогсоох. Хорооллын доторх зам, хашаан дотор хөдөлгөөн эхлэхдээ зам орчны нөхцөл байдлыг биеэр шалгаж хүүхэд мөргөж гэмтээхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Зөвлөмж:

  • Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,
  • Саадыг тойрон гарахдаа аюулгүй байдлыг бүрэн хангах;
  • Замын зорчих хэсэг дээр зогсохгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайнд шуурхай байрлуулах;
  • 8-аас дээш цагаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хот хоорондын замд зорчих үедээ 2 цаг тутамд зогсож 15 минутаас багагүй хугацаанд биеийнхээ чилээг гаргах, нойроо сэргээж байх;
  • Зорчигч нар жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг анхаарч зөрчихгүй байх талаар шаардлага тавьж, зөвлөж явах зэрэг нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам.

2022 оны цагаан сарын баярын амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18, 2023 оны цагаан сараар найман хүн нас барсан харамсалтай тохиолдлууд гарчээ.

Эх сурвалж: ТЦА