ВИДЕО: Орон нутгийн замд иргэд зорчихдоо согтуугаар жолоо барьж, гэрэл шилжүүлээгүйн улмаас осол гарах нь эрс нэмэгджээ

ВИДЕО: Орон нутгийн замд иргэд зорчихдоо согтуугаар жолоо барьж, гэрэл шилжүүлээгүйн улмаас осол гарах нь эрс нэмэгджээ

Хилэнт эх хэмээх модон луу жил айлчлан ирж байна. Жил бүрийн сар шинийн баяраар иргэд ахмад буурлуудтайгаа золгохоор хөдөө орон нутгийг зорьж, замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэр орон нутгийн замд осол аваар гарч, иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай тохиолдол олон гардаг. Тэгвэл бид сар шинийн өмнөх "Битүүний билэгт сайн" энэ өдөр иргэд олныгоо эрүүл энх сар шинийн баяраа энх тунх тэмдэглэж өнгөрүүүлээсэй гэсэн үүднээс энэ удаагийн сэрэмжлүүлэг сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО: 

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх нь хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүцэж түрүүлэх, шөнийн цагт гэрэл шилжүүлэхгүй байх, хэт ядарсан үедээ жолооны ард суух тохиолдлуудаас болдог байна. Харин бид энэхүү сурвалжилгаа Улаанбаатар хотоос төв аймаг руу чиглэлтэй замд Тээврийн цагдаагийн албаны алба хаагчидтай хамтран замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргаж буй иргэдийн зөрчлийг арилгуулах болон орон нутгийн замд зам тээврийн дүрмийг зөрчих тохиодол хэр их байгаа талаар хүргэж байна. 

Өнгөрсөн сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж, найман хүний амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт, “Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 32 дахь хэсэгт "Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн тус тус заажээ.

Бид Төв аймаг хүрэх замд 30-хан минут цагдаа нартай зогсоход 5-6 зөрчилтэй автомашин илрүүлсэн юм. Эдгээрийг дурдвал тээврийн хэрэгслийн гэрлэн дохио бүрэн бус, гэрэл шилжүүлээгүй үедээ гүйцэж түрүүлэх оролдлого хийсэн болон өсгөгчтэй гэрэл асааж, машинтай зөрөхдөө гэрлээ шилжүүлээгүй зэрэг зөрчилтэй жолооч нарыг илрүүлж, холбогдох зүйл заалтыг танилцуулан зөрчлийг арилгууллаа. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард сууж, улмаар осол гарган замын хажуу руу машинтайгаа тэгнэсэн байдалтай байсан этгээдийг илрүүлж, холбогдох цагдаагийн алба хаагчдад хариуцуулан өгсөн юм.

30-хан минутанд илрүүлсэн энэ мэт зөрчлүүд бол хөдөө орон нутгийн замд гардаг зөрчлийн дөнгөж эхлэл. Үүнээс ч илүү зөрчил гардаг эсэхийг үгүйсгэхийн аргагүй. Зам тээврийн ноцтой ослын дийлэнх нь хөдөө орон нутагт гардаг. Сар шинийн баярын эдгээр өдрүүдэд хөдөө орон нутагт зорчиж буй жолооч нар өөртөө болон бусдын амь насан аюул заналхийлэлгүй замын хөдөлгөөний дүрэм болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж зорчихыг ТЦА-наас онцгойлон анхааруулж байна.

Түүнэчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т зааснаар жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; б/ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд; в/ урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед; г/ араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед; д/ гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд.

  • 13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна.
  • 13.4. Дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр; б/ явган хүний гарц дээр; в/ хороолол болон сургууль орчмын бүс дотор; г/ төмөр замын гарам дээр болон түүнд хүртэл 100 м-ээс ойр зайд; д/ гүүрэн дээр болон доор; е/ хонгил дотор; ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт.
  • 13.5. Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор болон 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.
  • 13.6. Нэг эгнээнд урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед түүний зүүн гар талаар, баруун гар тийш дохио өгч байгаа үед түүний баруун гар талаар орж гүйцэхийг хориглоно хэмээн тус тус заасан байна.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баяраар хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чандлан баримталж, хайртаа дотны хүмүүсээ болон бусдын амь нас эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байх сэрэмжлүүлэх үүднээс энэ удаагийнхаа сурвалжилыг бэлтгэн хүргэлээ. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.