Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээг "Орос Улс ямар жижиг гүрэн байсныг эргэн сануулав" гэж "Business insider" онцлон дурджээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээг "Орос Улс ямар жижиг гүрэн байсныг эргэн сануулав" гэж "Business insider" онцлон дурджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн өнгөрсөн амралтын өдөр нийтэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украинд түрэмгийлсэнээ зөвтгөхийн тулд түүхэнд анхаарлаа хандуулж буйг шоглосон утга бүхий "Х" 10 сая гаруй хүнд хүрээд байна. 

Тодруулбал, В.Путин Украин дахь түрэмгийллээ оновчтой болгохын тулд түүхэн хил хязгаарыг байнга ярьж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Fox News-ийн хөтлөгч асан Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Орос, Европын олон зуун жилийн өмнөх түүх, хил хязгаарыг дурджээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, "Путины ярианы дараа. Би Монголын түүхийн газрын зургийг олсон. Санаа зоволтгүй. Бид энх тайван, эрх чөлөөтэй ард түмэн" гэж бичжээ. Түүний нийтэлсэн газрын зургууд нь 15-р зуунд Орос улс ямар жижиг байсныг харуулсан бөгөөд энэхүү "х" нь 10 сая гаруй хүнд хүрчээ.

Харин энэ талаар гадаад улсын олон хэвлэлүүд онцлон бичиж байна. Тухайлбал, "Business insider" мэдээллийн сайт, "Монголын эзэнт гүрэн нэгэн цагт дэлхийн хамгийн том гүрэн байсан. Монголын нутаг дэвсгэр нь Евразийн ихэнх хэсгийг хамарсан бөгөөд одоогийн Хятад, Оросын ихэнх нутаг, түүнчлэн Украиныг ч багтаасан байсан. Монголын Засгийн газар ОХУ-ын Украйны түрэмгийллийг шууд буруутгаагүй ч дэмжээгүй. Харин Ц.Элбэгдорж Украиныг дэмжиж байгаагаа ийнхүү илэрхийлж байна" гэжээ. 

Мөн БНСУ-ын JTBC телевизийн мэдээгээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ажиллаж байх хугацаандаа Монгол Улсад ардчиллыг бий болгоход хувь нэмрээ оруулсан. Тэрбээр Оросыг Украин руу довтлохоо зогсоохыг уриалж, түүний яриаг шоглож, Орос улс ямар жижиг гүрэн байсныг санууллаа" гэв.

Эх сурвалж: Business Insider, JTBC