ГХЯ: АНЭУ-аас ажил үйлчилгээ авахдаа аман тохиролцоо хийхгүй байхыг зөвлөв

ГХЯ: АНЭУ-аас ажил үйлчилгээ авахдаа аман тохиролцоо хийхгүй байхыг зөвлөв

Сүүлийн үед манай улсын иргэд төрөл бүрийн үйлчилгээ авах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо үйл ажиллагаа явуулдаг тус улсын болон гуравдагч орны аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй тохиролцож, зарим үед төлбөрийн тодорхой хувийг эсвэл бүтнээр нь урьдчилан шилжүүлснээс болж хохирох тохиолдол гарч байна.

Манай иргэд ихэвчлэн аман тохиролцоо хийх, хууль эрх зүйн мэдлэг дутуугаас шалтгаалан шаардлагад нийцэхгүй гэрээ байгуулах, гэрээ байгуулж буй албан байгууллага, хувь хүмүүсийг сайтар судлахгүй байх зэрэг нь хохирох шалтгаан болж байгаа аж.

Иймд иргэд АНЭУ-ын Дубай хотод тодорхой салбарын үйл ажиллагаа явуулдаг хэмээн өөрсдийгөө танилцуулж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй ямар нэгэн ажил үйлчилгээний чиглэлээр тохиролцоо хийхээсээ өмнө цаад байгууллага, иргэн нь тухайн салбарт ажил үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах, албан ёсны гэрээ байгуулах, төлбөр тооцоо хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгслийг ашиглаж, төлбөр хийсэн тухай баримтын эх хувийг хадгалж үлдэхийг ГХЯ-наас анхаарууллаа.