Хоёр сая гаруй зорчигч тээвэрлэхийг зорьж байна

Хоёр сая гаруй зорчигч тээвэрлэхийг зорьж байна

ЗТХЯ-наас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, агаарын тээврийн салбарт 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлээд байна. Агаарын тээврээр энэ оны нэгдүгээр сард олон улсад 124.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 51 хувиар нэмэгдэв. Харин орон нутагт 33.5 мянган зорчигч тээвэрлэжээ. 

Өнгөрсөн сард олон улс руу агаарын тээврээр үйлчлүүлсэн иргэдийн 29 хувь нь БНСУ-ын Сөүл, 15 хувь нь БНХАУ-ын Бээжин, 8 хувь нь БНСВУ-ын Фукуок, 7 хувь нь БНТУ-ын Истанбул, 6.3 хувь нь Японы Токио, 6 хувь нь Хонг Конг, үлдсэн 28 хувь нь бусад чиглэлд зорчсон байна.

Олон улсад зорчсон зорчигчдын 50.7 хувь нь үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нислэгээр нисжээ. Мөн, ”Airchina”-ийн нислэгээр 9.5, “Korean Air”-ын нислэгээр 8.8, “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгээр 7.3, “Аэро Монголиа” ХХК-ийн нислэгээр 6.8, “Изинис Эйрвейз” ХХК-ийн нислэгээр 5.3, бусад агаарын тээвэрлэгчийн нислэгээр 11.6 хувь нь зорчсон аж.