ФОТО: Цасан нурангид дарагдсан иргэнийг эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байна

2024-02-16 11:13

ФОТО: Цасан нурангид дарагдсан иргэнийг эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байна

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдсан нэг иргэний хөл хугарч, осгосон байхад нь олсон бол, түүний дүүг нь цасан дотроос эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус эрлийн ажиллагаанд Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангиудаас бүлгүүд гарч үүрэг гүйцэтгэж байгаа талаар Зэвсэгт хүчний Жанчин штабаас мэдээллээ.

Тус мэдээлэлд "Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн уулархаг хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай (2024.02.15) байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Төгрөг нуурын орчим цасны нуранги үүсч, нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангиудаас бүлгүүд гарч үүрэг гүйцэтгэж байна" гэжээ. 

2024-02-16 07:48

ШУУРХАЙ: Цасан нурангид дарагдсан нэг иргэний хөл хугарч, осгосон байхад нь олсон бол, түүний дүүг нь цасан дотроос эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдаж, сураггүй болсон иргэнийг эрэн хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг өдгөө ч үргэлжилж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум Хүйтэн буйр багийн Төгрөг гэдэг газарт уулын цасны нуралд өртсөн иргэд нь отроор явж байсан ах, дүү хоёр байжээ. Ах болох 29 настай малчин Х нь нурангид дарагдаж, хөл нь хугарч, осголтын байдалтай байхад нь онцгой байдлын алба хаагчид аварч, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Өдгөө тэрбээр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Харин нурангид осолдсон малчин А-г цасан дотроос эрэн хайх ажиллагаанд Баян-Өлгий аймгийн онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн алба хаагчид, нутгийн иргэд гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд өмнө нь уулын цасны нуранги болж байсан тохиолдол гарч байсан бөгөөд тухайн үед мал амьтан дарагдаж байснаас хүн дарагдсан тохиолдол гарч байгаагүй аж. 

Цасан нурангид дарагдаж, сураггүй алга болсон малчин А-ыг эрэн хайж буй гэрэл зураг. 2024.02.15