Энэ сарын 14-нд 16:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажуу дахь худалдааны төвд их хэмжээний гал гарсан. Гал түймрийг унтраахад Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид тус, тус ажиллаж оройн 21:00 цагийн үед бүрэн унтраасан юм.
Өнөөдөр гал түймрээс үүдэн их хэмжээний хохирол амсаад буй жижиглэн худалдаа эрхлэгчид мэдээлэл хийлээ. Худалдаа эрхлэгчид “Юуны өмнө бидэнд сэтгэлзүйн болон бусад дэмжлэгийг үзүүлж байгаа Баянгол дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагчид, нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзоригт талархлаа илэрхийлье. Бид гал гарсны маргааш шууд нийслэл дээр ирсэн. Гэхдээ бид төрөөс мөнгө хүсээгүй. Төр бол мөнгө тараадаг газар биш. Харин биднийг ямар нэг ААН, бизнесийн байгууллагатай холбоод хүү багатай зээл олгоход цаашлаад үйл ажиллагаагаа дахин эхлэх, жигдрүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн. П.Сайнзориг дарга “одоогоор та бүхэнд мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжгүй. Шар усны үерийн асуудалд санхүүжилтээ төвлөрүүлж байгаа” гэж хэлсэн. Гэгээн хайрын баяр, мөн сар шинийн өдрөөр хар бараан мэдээллээр та бүхнийг тавгүйтүүлсэнд хүлцэл өчье" гэж мэдээллээ.
Гал гарсан газар нийт 136 иргэн худалдаа, үйлчилгээ эрхэлж байжээ. Мөн худалдаачид тус газарт даатгал хийлгэхээр өмнө нь хандаж байсан ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй газарт даатгал хийх боломжгүй гэсэн хариу авчээ.
Худалдаачдад туслах хандивын данс: Голомт банк 1735118488 ӨБҮД сан ТББ