Цасан шуурганд малтайгаа төөрсөн хүү осгохгүйн тулд хонин дундаа орж суусаар амьд гарчээ

Цасан шуурганд малтайгаа төөрсөн хүү осгохгүйн тулд хонин дундаа орж суусаар амьд гарчээ

Цасан шуурганд төөрөхдөө холч ухаанаар амьд гарсан Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин 14 настай Г.Бямбацогт хүүг Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Хүмүүнлэг хүүхэд" -ээр шагнаж урамшуулахаар болсон талаар түүний эгч Ж.Дуламсүрэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд "Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин Ганбаатарын 14 настай Бямбацогт хүү 2024 оны хоёрдугаар сарын 11 буюу шинийн хоёрны оройны 16 цагт малдаа явж хоёрдугаар сарын 12-ны өглөөний 11цагт хүртэл 25-35C-ийн хүйтэнд, малаа цасан шуурганд гүйцэлгүй, сураггүй алга болжээ.

Түүнийг Асгат, Сонгино, Тэс сумын Онцгой байдлын албан хаагчид аврах үйл ажиллагаа явуулахаар хичээсэн боловч Асгат сумын онцгой байдлын албан хаагчид тухайн газарт очиж эрэн хайх ажиллагаанд оролцсон байна. Завхан аймгийн Хойд сумдаар зам харгуй хаасан цас зуд ихтэй тул Сонгино сумын ОБ-ын албан хаагчид Сүүжин булаг 20 орчим км-ын цаана, Тэс сумын ОБГ-ын албан хаагчид Зээрэнгийн дөрөлж 70 км цаана ирж шөнөжин цас ухаж ажилласан байна. Г.Бямбацогт хүү шуурганд малтай туугдаад шөнө болтол явжээ.

Түүний дээл шуурганд норсон мориноосоо буугаагүй тул гутал нь хуурай байжээ. Шөнө дөл болж даарахад хэрсүү ухаан гарган морио суллаж тавиад хониныхоо голд орж дулаацжээ. Дулаацаад унтвал болохгүйг мэддэг тул өөрийн хайртай эрхлүүлдэг цэнхэр ямаагаа хажууд байлгасан. Цэнхэр ямаа нь дуг хийхэд эвэрээрээ мөргөн сэрээдэг, морь нь ч түүнийг орхиогүй гэнэ. Ар гэрийнхэн, ОБгазрын албан хаагчид морь гүйж ирэхгүй болохоор горьдлого тээж хайсаар л байж. Хайж буй хүмүүс дөхөж ирдэг ч хүү дуугарах гэхээр дуу нь гарахгүй даарч байжээ. Холч хэрсүү ухаан гарган цасан шуурганд хоног төөрүүлэн өөрийн амь насаа аврах төдийгүй нэг ч малын гарзгүй бахдам хүүгийн авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг үнэлэн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Хүмүүнлэг хүүхэд" -ээр шагнаж урамшуулахаар болов" гэжээ.