"Иргэдээс хууль бусаар хураамж авч байна" гэж мэдэгдсэн сэтгүүлч Б.Пүрэвийг Монголын телевизүүдийн холбоо шүүхэд өгнө гэжээ

"Иргэдээс хууль бусаар хураамж авч байна" гэж мэдэгдсэн сэтгүүлч Б.Пүрэвийг Монголын телевизүүдийн холбоо шүүхэд өгнө гэжээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд 18 телевизед хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох” нийтийн өргөдлийг сэтгүүлч Батаа овогтой Пүрэв санаачилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний санаачилгыг өнөөдрийн байдлаар 6000 гаруй иргэн  d.parliament. mn хаягт дэмжжээ. 

Сэтгүүлч Б.Пүрэв энэхүү санаачилгынхаа хүрээнд  арилжааны телевизүүд иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах талаар Д.Сүхбаатарын талбайд иргэдээс гарын үсэг цуглуулсан. Өнөөдөр ч тэрбээр Сүхбаатарын талбайд очиж иргэдтэй энэ асуудлаар санал солилцох юм байна. Харин арилжааны 18 телевизээс сэтгүүлч Б.Пүрэвийг "Иргэдэд худалд мэдээлэл өгч байна. Худал мэдээлэл өгсөөр байвал шүүхэд өгнө" гэж мэдэгджээ. 

Энэ талаар сэтгүүлч Б.Пүрэв “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар хувийн өмчит 18 телевиз иргэдээс сар бүр хураамж аваад гурван жил болж байна. Иргэд үүнийг сайн анзаарахгүй байгаа. Нийт 760 мянган өрх тус хураамжийг төлдөг. Энэ хураамжийг бүр хуульчилчихсан байгаа. Арилжааны телевизүүд бол бүгд цаанаа эзэнтэй ашгийн төлөө байгууллага. Тэдний эзэд улстөрд нөлөө бүхий хүмүүс байгаа. Тэд улстөрчидтэй лоббидож дээрх хуулийг баталсан. Ингэснээрээ эргээд тус телевизүүд иргэдийн тархийг угааж, эрх мэдэлд үйлчилж эхэлсэн. Тиймээс ч иргэдийн төрд тавьж буй шаардлага, гомдол санал ерөөсөө үр дүнд хүрэхгүй байгаа. Үүнийг би хуулиар халхавчилсан маш том хаалтын гэрээ гэж үзэж байгаа. Тус телевизүүдийн эздүүд дандаа улс төрд нөлөөтэй сайд, дарга хүмүүс байгаа. Тиймээс иргэд тус хүмүүст сар бүр хураамж төлөх ёсгүй. Монголын телевизүүдийн холбоо намайг шүүхэд өгнө гэсэн байна. Шүүх дээр мэтгэлцье. Би ч урьж байна. Харилцан тайлбараа хийе. Уг телевизүүдийн гаргасан мэдэгдлээс үзвэл "Иргэдээс авдаг мөнгийг бид нар авдаггүй. IPTV үйлчилгээ үзүүлэгч нар авч байгаа" гэсэн байна. IPTV үйлчилгээ эрхлэгчид хууль бус хураамж аваад байгаа юм бол та нар тэр хулгайн хам хэрэгтэн юм биш үү. Хуулинд Монголын телевизүүдийн холбоо гээд нэр зарлачихсан. Та нар иргэдийг биш IPTV үйлчилгээ эрхлэгчдийг шүүхэд өгөх ёстой юм биш үү ” гэж мэдэгджээ.