Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зудын нөхцөл байдал улам хүндэрчээ. Цас ихтэй байгаа тул цаашид хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна.
Энэ үед төв суурин газрын зарим иргэд "малчид залхуу болсон. Эртхэн бэлдэж байсан бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байсан. Бидэнд махаа үнэгүй өгдөг биш. Бид туслах албагүй" хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа бол зарим нь хэд хэдээрээ нийлж, хандивын аян цуглуулж, өвс тэжээлээр тусалж байгаа бөгөөд тусламжийн цуваа хөдлөөд эхэлжээ. Тухайлбал, Хэсэг залуус найзуудаараа нийлж, цас зуданд зутарч байгаа малчдад 1000 боодол өвс, 2000 орчим тэжээл, дулаан гутал, хувцас хүргэж, тусламж үзүүллээ. Тэд 30 орчим айлд хүрч чадсан ба нэг айлд 40-50 боодлоор нь өвсөө өгсөн байна.