Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангаж, Улсын онцгой комисс, аймаг, орон нутгийн онцгой комиссын албан хүсэлтийг үндэслэн зуд турхантай малчдад туслах, өвс тэжээл хүргэх, дэмжлэг үзүүлж байна.
Сүүлийн сар хагас орчмын мэдээллээр Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий нийт 14 аймгийн нутаг дэвсгэрт ажиллалаа.